Home / Articles / “Монголын мэдээллийн технологи-2024” эрдэм шинжилгээний хурлыг кибер...
“Монголын мэдээллийн технологи-2024” эрдэм шинжилгээний хурлыг кибер аюулгүй байдал сэдвийн хүрээнд зохион байгууллаа
2024-05-28
“Монголын мэдээллийн технологи-2024” эрдэм шинжилгээний хурлыг кибер аюулгүй байдал сэдвийн хүрээнд зохион байгууллаа “Монголын мэдээллийн технологи-2024” эрдэм шинжилгээний хурлыг кибер аюулгүй байдал сэдвийн хүрээнд зохион байгууллаа

“Монголын Мэдээллийн Технологи-2024” эрдэм шинжилгээний 11 дэх удаагийн хурлыг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль “Кибер аюулгүй байдал” сэдвийн хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС-ийн Олон улсын хурлын танхимд зохион байгууллаа. Энэ жилийн хурлыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооноос дэмжин Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Монголын мэдээллийн технологийн консорциум, МУИС хамтран ажиллав.  

 ШУА, салбарын их дээд сургууль, судалгааны байгууллагууд оролцдог үндэсний хэмжээний энэхүү хуралд ШУТИС, МУИС, ШУА, МУБИС, АШУҮИС, СЭЗИС, ХААИС, ДХИС, ҮБХИС, Хүрээ МХТДС зэрэг дотоодын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас гадна БНСУ-ын Үндэсний Тээврийн Их Сургууль, Квангвон Их Сургууль, Сангмёонг Их Сургууль, Япон улсын Токушима Их Сургууль, Италийн Трентогийн Их Сургууль, БНХАУ-ын Өмнөд Анагаах Ухааны Их Сургуулийн профессор, судлаачид 34 аман илтгэл, 19 үзүүлэн илтгэлээр судалгааны үр дүнгээ хэлэлцүүлсэн юм.  

Хурал “Кибер аюулгүй байдал”, “Хиймэл оюун ухаан”, “Электрон систем, дохио боловсруулалт”, “Тооцоолол, мэдээллийн технологийн хэрэглээ”, “Холбоо, сүлжээ”, “Дижитал конвержинс” гэсэн нийт зургаан салбар хуралдаантайгаар зохион байгуулагдсан. “Хиймэл оюун ухаан” сэдвийн хүрээнд болсон хамтын ажиллагааны хэлэлцүүлгийн үр дүнд салбарын их сургуулиуд оюутнуудын дипломын мэдээллээ дундаа хуваалцдаг байх, МУИС, ШУТИС-ийн профессор, багш нар хиймэл оюуны хамтарсан судалгааны баг гаргаж хамтран ажиллах зэрэг тодорхой санал, санаачилгыг хэрэгжүүлэхээр боллоо.

Мөн хурлын үеэр “ICT Focus” олон улсын хянан магадалгаа хийдэг, нээлттэй сэтгүүлийн албан ёсны нээлт болж, ЭШХ-д оролцсон харилцаа холбооны салбарын төрийн байгууллага болон их сургуулиудын төлөөллүүд мэдээлэл, холбооны технологийн салбарын уг сэтгүүлийг импакт фактортай Монгол Улсаас эрхлэн гаргадаг олон улсын сэтгүүл болгон хөгжүүлэхэд дэмжиж. хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн “Холбоо сүлжээ” салбар хуралдаанд танилцуулсан “Үүрэн болон Wi-Fi холимог сүлжээнд DRL аргад суурилсан суваг хуваарилалтын судалгаа” илтгэл нь шилдгээр шалгарч, ШУТИС-ийн МХТС-ийн Холбооны салбарын ахлах багш Доктор (Ph.D) Р.Баярмаа ХХЗХ-ны нэрэмжит “ШИЛДЭГ СУДЛААЧ” цом, өргөмжлөлийн эзэн боллоо.