Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасны дагуу Олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг тэнцүү байхаар тооцож сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батлах үүрэгтэй.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”-ын 2.4-т заасны дагуу олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх санал, уг саналыг боловсруулахад баримталсан аргачлал, мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийн хамт Зохицуулах хороонд ирүүлэх үүрэгтэй.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь дээрх чиг үүргийнхээ хүрээнд Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизээс (МҮОНРТ) ирүүлсэн сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн санал, уг саналыг гаргахад баримталсан аргачлал, мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийг хүлээн авч, хууль, журамд заасан зарчимд нийцэж байгаа эсэхийг хянан үзэж, тус Хорооны 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хуралдааны 129 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг, хоёрдугаар хавсралтаар олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийг тус тус баталлаа.
Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дах хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэр дэвшигчийг дахин бүртгэх тухай шийдвэр гарсан, нөхөн нэр дэвшүүлэхээр бүртгэсэн тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороо дээрх хуваарь, цагт хуульд заасан хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулж, батална.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өмнөх 2020 оны сонгуулиас ялгаатай орсон заалтын тухайд МҮОНРТ нь сонгуулийн сурталчилгаанд хуваарилсан нийт цагтай тэнцүү хэмжээний цагийг мэтгэлцээний нэвтрүүлэгт хуваарилахаар заасан. ( Тус хуулийн 46.4 )
МҮОНРТ-с ирүүлсэн сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн цаг хуваарилсан байдлыг авч үзэхэд:
МҮОНРТ нь эфирийн нийт цагийн 71 %-ийг сонгуулийн сурталчилгаа болон мэтгэлцээний нэвтрүүлэгт хуваарилсан байна.
№ |
Эфирийн цаг |
1 хоногт |
17 хоногт |
1 |
Хоногийн нийт эфир |
1020 мин |
17340 мин |
2 |
MNB үндсэн эфир (29%) |
300 мин |
5100 мин |
3 |
Сонгуульд зарцуулах (71%) |
720 мин |
12240 мин |
3.1 |
Сурталчилгааны нэвтрүүлэг |
360 мин |
6120 мин |
3.2 |
Мэтгэлцээний нэвтрүүлэг |
360 мин |
6120 мин |
МУ-ын Сонгуулийн тухай хуулийн 46.4-д заасны дагуу МҮОНРТ нь сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн цагийг нийт сонгуулийн сурталчилгааны 17 хоногийн хугацаанд тэнцүү байхаар тооцож, тус бүр 6120 минутыг хуваарилж олгосон байна.
МҮОНРТ нь сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн цаг хуваарилахдаа Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 46.3 болон 46.12-т заасны дагуу сонгуульд оролцогч бүх нам, эвсэл, нэр дэвшигчид тэгш хандах зарчмыг баримталсан болно.
Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн цаг хуваарилсан аргачлалын тухайд:
МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/33 тоот тушаалаар батлагдсан “Олон нийтийн радио телевизээр нэвтрүүлэх 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн цаг хуваарилах журам”-д зааснаар
- Сонгуульд оролцож байгаа нам, эвслийн нийт сонгуулийн сурталчилгааны хугацаанд оногдох хугацааг гаргахдаа тухайн нам, эвслээс Улсын Их Хурлын тойрог тус бүрт болон жагсаалтаар нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн тоог сонгуульд оролцож байгаа нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн тоонд харьцуулан хувь тэнцүүлэх аргаар тооцож олгосон. Жишээ нь: А нам 126 нэр дэвшигч дэвшүүлсэн, Б нам 80 нэр дэвшигч, В, Г гэх мэт намуудын нийт 1416 нэр дэвшигч сонгуульд оролцох бөгөөд нийт нам, эвслүүдэд оногдсон нийт сурталчилгааны хугацааг 5430 минут гэж үзвэл, нэр дэвшигчдийн тоо, хугацааг хувьчлан нам тус бүрээр гаргахад А намын хувьд оногдох 9% хувьд нийт 483 минут, Б намын хувд 6 % -д 307 минут нийт сурталчилгааны хугацаанд оногдож байна.
- Сонгуулийн сурталчилгааны нэг удаагийн нэвтрүүлэг нь нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд ижил тэнцүү 15 минутаас илүүгүй байх
- Бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурталчилгааны нийт хугацаанд нэг удаа 15 минутаас илүүгүй хугацаагаар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхийг тус бүр олгосон байна.
- Сурталчилгааны нэвтрүүлгийн дарааллыг тооцохдоо МУ-ын Сонгуулийн тухай хуулийн 46.3, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх,хяналт тавих, радио,телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмын 2.1.3-т заасны дагуу сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдрийн сүүлийн хуваарьт цагаас эхлэн тоолох зарчмаар хуваарилсан байна. Энэ нь сурталчилгааны эхний өдрөөс хуваарилахад цөөн нэр дэвшигчтэй намын хувьд сурталчилгааны эхний өдрүүдэд хуваарилсан цаг нь дуусаж, сүүлийн өдрүүдэд сурталчилгаа нэвтрүүлэх боломжгүй болохоос сэргийлсэн байна. Иймд сурталчилгааны сүүлийн өдөр бүх нам, эвслүүд оролцохоор тусгагджээ.
2024 оны 6-р сарын 02-ны байдлаар
Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн: 19 нам, 2 эвсэл
Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчээр бүртгэсэн нийт 1245 нэр дэвшигч:
§ бие даан нэр дэвшигч - 39
§ нам, эвслээс нэр дэвшигч – 1206 бүртгэсний дагуу сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний хуваарь цагийг гаргасан.
Мэтгэлцээний нэвтрүүлгийн цаг хуваарилсан аргачлалын тухайд:
МҮОНРТ нь мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг гаргахдаа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Монгол улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн “’Парламент” мэтгэлцээний дэгийн дагуу, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журамд нийцүүлэн хуваарилсан байна.
- Мэтгэлцээний нэвтрүүлгийн 1 дугаарт 4 нам, эвсэл, 1 бие даан нэр дэвшигч нийт 5 мэтгэлцэгч оролцохоор, эсхүл 5 нам, эвсэл оролцохоор зохион байгуулсан байна.
- Мэтгэлцээний нэвтрүүлгийн цагийг хуваарилахдаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд мэтгэлцэх тэгш нөхцөл, боломж олгохын тулд 21 нам, эвсэл, 39 бие даан нэр дэвшигч тус бүр 51 мэтгэлцээний туршид хоорондоо таарч мэтгэлцэх нөхцөлийг баримталж “санамсаргүй функц” ашиглан хуваарилсан байна.
- Мэтгэлцээний нэвтрүүлгийг сонгуулийн сурталчилгааны 17 хоногт 120 минутаар, өдөр бүр 2-4 удаа MNB Үндэсний телевиз, МҮОНР-ийн 1-р сувгийн хөтөлбөрт төлөвлөн, нийт 51 дугаар бэлтгэн дамжуулна. Түүнчлэн Мэтгэлцээний нэвтрүүлгийг MNB Үндэсний телевиз, МҮОНР-ийн 1-р суваг, MNB.mn сайтаар олон нийтэд шууд дамжуулахаар Мэтгэлцээн зохион байгуулах Дэг-д тусгажээ.
- МҮОНРТ нь Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио,телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журмын 2.2-т заасны дагуу Мэтгэлцээний нэвтрүүлгийн дэгийн саналыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд 2024 оны 6-р сарын 02-ны өдөр хэлэлцүүлж Мэтгэлцээний дэгээ эцэслэн тогтоосон. Ийнхүү хэлэлцүүлсний дагуу Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр, 51 дэх мэтгэлцээнийг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн оролцоог тэгш хангаж мэтгэлцээний дэгийн дагуу зохион байгуулахаар хуваарь, цагт тусгасан байна.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн дэлгэрэнгүйг www.crc.gov.mn сайт дахь Монгол Улсын Их Хурлын сонгууль 2024 цэс, www.gec.gov.mn , www.mnb.mn сайтаас үзэх боломжтой.
Хүснэгт 1. Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн нэгтгэл.
Сурталчилгааны нэвтрүүлэг
|
Мэтгэлцээний нэвтрүүлэг: |
Харилцаа холбооны зохицуулах хороо
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар