Home / Articles / “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-10-26

Улаанбаатар, 2023.10.26

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Кибер аюлгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” форумыг өнөөдөр зохион байгууллаа.

Дэлхий дахинд мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, нийгэм эдийн засгийн бүхий л салбарт мэдээллийн технологийн хэрэглээ эрчимтэй нэвтэрснээр иргэд бид цахим хэрэглээ, цахим шилжилтийг өдөр бүр мэдрэн хэрэглэдэг болсон билээ.

Гэвч цахим шилжилт нэмэгдэх тусам цахим орчныг бүрдүүлж буй мэдээллийн дэд бүтэц, сүлжээ, өгөгдөлд кибер халдлага хийх тохиолдол, эрсдэл нэмэгдэж, хувь иргэнээс эхлэн улс үндэстний түвшинд кибер аюулгүй байдлаа хамгаалах  хэмжээнд хүрсэн.

Хувь хүн сошиал сүлжээнд халдлагад өртөж, хувийн нууц үгээ алдсан тохиолдолд ямар хүндрэлтэй нөхцөл үүсч болохыг сүүлийн үед бид нэлээд мэдрэх болсон. Үүнтэй адилаар улс орны мэдээллийн технологийн дэд бүтэц халдлагад өртөх, өгөгдөл, сүлжээний аюулгүй байдал алдагдах тохиолдолд, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлэл болохуйц хор уршигтай нөхцөл байдал үүсдэг байна.

Кибер аюулгүй байдал нь зөвхөн программ хангамж, эсхүл техник технологийн асуудал байхаа больж, стратегийн төлөвлөлт, бодлого, зохицуулалт, эрсдлийн удирдлага, хор уршгийн эсрэг авах арга хэмжээний зохион байгуулалтыг шаардсан удирдлагын тогтолцооны асуудал болон хувирсан.

2022 оны 5 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж буй “Кибер аюулгүй байдлын тухай” хуулийн хүрээнд Монгол улсад кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоо, зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангахтай холбогдсон харилцааг бэхжүүлэхээр ажиллаж байна. 

Кибер аюулгүй байдлыг хангахад төрийн захиргааны байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл солилцох, мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдалтай холбоотой нийтлэг стандарт тогтоох, кибер гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай болж байна. Хамтын хариуцлагын энэхүү зарчим нь кибер аюулын нарийн төвөгтэй байдал, дэлхий нийтийг хамарсан шинж чанарыг илрүүлж, шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

“Кибер тусгаар тогтнол” форумд Монгол улсын кибер аюулгүй байдлын тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэх төр, хувийн хэвшил, олон нийтийн төлөөлөл оролцон, кибер аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын үүрэг, оролцоог хангах болон интернэтийн орчин дахь кибер аюул заналын өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл сонсож, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд болон төр, хувийн хэвшил, олон нийтийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэлэлцлээ.

Форумд Монгол Улсын кибер аюулгүй байдлын тогтолцоонд чухал үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 79 байгууллагын 170 орчим оролцлоо.

Форумын үйл ажиллагааг нээж Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Золбаяр нар үг хэлж, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Монгол Улсын Кибер аюулгүй байдлын тогтолцоо" сэдвээр илтгэл танилцууллаа.

Мөн ХХЗХ-ны ЗБХГ-ын дарга Т.Батболд "Цахим орчны аюулгүй байдал" сэдвээр, ТЕГ-ын МАБГ-ын Хэлтсийн дарга Д.Ганзориг "Онц чухал мэдээллийн дэд бүтэц рүү чиглэсэн халдлагын нөхцөл байдал, түүнийг нөхцөл байдал, түүнийг хамгаалах хамтын ажиллагаа" сэдвээр, ЦЕГ-ын КГХТХ-ийн дарга С.Тайван "Цахим орчинд залилах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, гэмт хэрэгтэй тэмцэхэд төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх нь" сэдвээр, MNCERT ТББ-ын УЗ-ийн гишүүн М.Отгонпүрэв, "Интернэт сүлжээний орчин дахь кибер аюул занал, өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.