Home / Articles / ИНТЕРНЭТ ХАЯГЖИЛТЫН IPv6 ХУВИЛБАРТ ШИЛЖИХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ...
ИНТЕРНЭТ ХАЯГЖИЛТЫН IPv6 ХУВИЛБАРТ ШИЛЖИХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2023-02-10
ИНТЕРНЭТ ХАЯГЖИЛТЫН IPv6 ХУВИЛБАРТ ШИЛЖИХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО ИНТЕРНЭТ ХАЯГЖИЛТЫН IPv6 ХУВИЛБАРТ ШИЛЖИХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улсын интернэтийн протокол хувилбар 4 (IPv4)-ийн хаягжилтын нөөц 2015 онд дууссан бөгөөд өсөн нэмэгдэж буй интернэт хэрэглэгчдийн тоо, үүрэн холбооны 4G болон 5G сүлжээний нэвтрэлт, түүнд суурилсан зүйлсийн интернэтийн хөгжил, аюулгүй байдлыг хангахад интернэтийн протокол хувилбар 6  (IPv6) хаягжилтыг яаралтай нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага тулгараад байна.

  Иймд Монгол Улсын интернэтийн сүлжээг Ipv4 хаягжилтаас Ipv6 хаягжилт руу шилжүүлэх ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо, Ази Номхон далайн бүсийн Сүлжээ мэдээллийн төв (APNIC)-тэй хамтран 2023 оны 02 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын инженер, техникийн ажилтнуудад “Монгол Улсад IPv6 хаягжилтыг нэвтрүүлэх” нь сэдэвт технологийн сургалт, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Монгол Улсын интернэтийн сүлжээний хаягжилтын IPv6 хувилбарт шилжих төлөвлөгөөний талаарх хэлэлцүүлэг”-ийг тус тус зохион байгууллаа.

Монгол Улсын интернэтийн сүлжээний хаягжилтын IPv6 хувилбарт шилжих төлөвлөгөөний талаарх хэлэлцүүлэг”-ээр Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯам), Ази Номхон далайн бүсийн Сүлжээ мэдээллийн төв (APNIC), Харилцаа холбооны зохицуулах хороо болон  интернэтийн үйлчилгээ эрхлэгчид интернэтийн хаягжилтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй санал солилцож, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг тодорхойлсон үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

 Хэлэлцүүлэгт ЦХХХЯам, УБЕГ, И-Монгол академи УТҮГ, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ, ШУТИС-ийн МХТС, интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, дата төвүүд, банкны төлөөлөл зэрэг 50 гаруй оролцогч оролцлоо.

 Одоогоор Монгол Улсын интернэт сүлжээний 6-7 хувьд IPv6 хаягжилтыг ашиглаж байгаа бөгөөд 2025 он гэхэд 40 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Энэхүү шилжилтийг хийхэд төрийн байгууллагууд, интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, инженер техникийн ажилчдын мэдлэг ур чадвар болон Зохицуулах байгууллагын хамтын ажиллагаа чухал юм.

 Хэлэлцүүлгээр Монгол Улсын интернэтийн сүлжээний хаягжилтын IPv6 хувилбарт шилжих төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангуулах үндэсний ажлын хэсгийг байгуулан ажиллахаар боллоо.