Home / Articles / “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого, зохицуулалт” форум...
“Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого, зохицуулалт” форум боллоо
2025-04-17

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) болон Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) хамтран “Харилцаа холбооны хиймэл дагуулын бодлого, зохицуулалт” форумыг 2025 оны 04 сарын 17-ны өдөр зохион байгуулж, Монгол Улс сансрын орон зайг хэрхэн ашиглах, харилцаа холбооны хиймэл дагуулын олон улсын туршлага, бодлого, зохицуулалтын чиг хандлага, Үндэсний хиймэл дагуулын хэрэглээний талаар хэлэлцлээ.

Арга хэмжээг нээж ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэлсэн үгэндээ Үндэсний хиймэл дагуулыг төслийн ач холбогдол, сансрын эрх зүйн орчин, стратеги бодлогыг батлах нь чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Форумд харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалт, үйлчилгээ эрхлэгч бизнесийн байгууллагын төлөөлөл “Сансрын эдийн засгийн боломж сорилт: Үндэсний стратеги, эрх зүйн орчин, бодлогыг тодорхойлох”, “Харилцаа холбооны хиймэл дагуулын зохицуулалтын чиг хандлага”, “Үндэсний хиймэл дагуулын төсөл”-ийн танилцуулга, “Үндэсний хиймэл дагуулын хэрэглээ, дамжуулах сүлжээний найдвартай байдлыг сайжруулах нь”  зэрэг илтгэлийг танилцуулж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт харилцаа холбооны хиймэл дагуулыг үйл ажиллагаандаа ашигладаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, мөн Шинжлэх ухааны академи, ЦХИХХЯ, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Сансрын үндэсний зөвлөл, их дээд сургууль, төрийн бус байгууллагын эрдэмтэн судлаачид зэрэг 30 гаруй байгууллагын төлөөллүүд оролцов.

Энэхүү форум нь манай улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны хиймэл дагуул ашиглан өргөн зурвасын сүлжээ бий болгох, алслагдсан хэрэглэгчдэд харилцаа холбооны төрөл бүрийн үйлчилгээг хүргэх, технологийн болон эрх зүйн орчныг сайжруулах, байгууллагуудын хамтын ажиллагаа, хэрэглээг бий болгох сансрын орон зайг ашиглах, хиймэл дагуулын байрлалыг эзэмших, харилцан нөлөөлөлгүйгээр үр ашигтай ашиглахад хамтын ажиллагааг бэхжүүлэх, нэгдсэн ойлголтыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.