Home / Articles / ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ХАМТАРСАН...
ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ХАМТАРСАН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-06-15
ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ХАМТАРСАН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ХАМТАРСАН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн гаалийн байгууллага /WCO-ДГБ/ болон Дэлхийн шуудан холбоо /UPU-ДШХ/ 2022 оны тавдугаар сард байгуулсан Хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд, анхны хамтарсан олон улсын хурлыг “Гааль, шуудангийн хамтын ажиллагааны хүрээнд хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжууд” сэдвийн дор 2023 оны 6 дугаар сарын 6-8 өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгууллаа.

 

Тус хуралд дэлхийн 100 гаруй орны гааль, шуудангийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, түнш байгууллагуудын 600 гаруй өндөр түвшний албан тушаалтан, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд оролцлоо.

Хуралд оролцогчид гааль, шуудан, төрийн байгууллагууд болон бусад салбарын оролцогч талуудын хооронд тулгарч буй нийтлэг бэрхшээл, хамтын ажиллагааны боломжууд, урьдчилсан гаалийн цахим мэдүүлэг, бодлогын стандартчилал тэдгээрийн уялдаа холбоо зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгээр урьдчилсан гаалийн цахим мэдүүлгийн системийг найдвартай чанартай хэрэгжүүлэх,  бүх түвшний хамтын ажиллагаанд цахим  технологийг ашиглах нь гаалийн үйл ажиллагааг сайжруулах, шуудангийн сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйл гэж тодорхойллоо.

Хурлын  үеэр ДШХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Кунио Микурия, ДГБ-ын Ерөнхий захирал Масахико Метоки нар “Аюулгүй, найдвартай, үр ашигтай олон улсын худалдааг дэмжих” хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан нь дэлхийн худалдаа, тээвэрлэлтийг хөнгөвчлөх томоохон алхам боллоо.

Хурлын хаалтын үеэр доктор Микурия бага хурлын ач холбогдол, олон улсын хууль ёсны худалдааг дэмжих, хөнгөвчлөхөд гааль болон шуудангийн байгууллагууд  чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэлээ. Түүнчлэн, дэлхийн шуудангийн нийлүүлэлтийн сүлжээг жигд, аюулгүй, найдвартай, уялдаатай, үр ашигтай ажиллуулахын тулд ДГБ нь ДШХ, түүний гишүүн орнуудын байгууллагуудтай нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ноён Метоки, бага хурал нөхөрсөг, ажил хэрэгч болсныг онцлон тэмдэглэж, хурлын үеэр хэлэлцсэн асуудал,  солилцсон шилдэг  туршлага нь хэрэглэгчдийн ашиг тусын төлөө болон дэлхий даяар төрийн болон хувийн үйлчилгээг сайжруулахад  хувь нэмрээ оруулахад тус дэм болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрээр, хамтарсан тунхаглалыг хамтын үйл ажиллагааны бэлгэдэл, цаашид тулгарах олон сорилтыг даван туулах урам зориг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Тус хуралд Монгол Улсыг төлөөлж ХХЗХ-ны ШЗГ-ын дарга П.Цэрэнням, Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Монгол Шуудан ХК-ийн УХШГ-ын захирал Б.Содчимэг нар оролцлоо.