2023.09.26
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй хамтран “ITU-ITTLLDC seminar 2023”-ийг 2023 оны 09 дүгээр сарын 26-аас 28-ны өдрүүдэд Нэгдсэн үндэсний байгууллага (НҮБ)-ын байранд зохион байгуулагдаж байна.
Энэхүү арга хэмжээний үеэр Ази, номхон далайн бүсийн далайд шууд гарцгүй хөгжиж буй орнуудад мэдээлэл, харилцаа холбооны технологийн үр дүнтэй бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд үүсдэг саад бэрхшээл, олон улсын интернэт гарц, газарзүйн байршил, зах зээл, хүний нөөц, хил орчмын бодлого зохицуулалттай холбоотой өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцэж, харилцан туршлага солилцох юм.
Тус семинарт далайд гарцгүй, хөгжиж буй орнуудаас Бутан Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын цахим хөгжил, харилцаа холбооны байгууллагын төлөөлөл оролцохоос гадна Монгол Улсын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, Интернэтийн үйлчилгээ эрхлэгч, Сүлжээний болон сансрын холбооны сүлжээ үйлчилгээ эрхлэгч байгууллагын төлөөлөл оролцож байна.