2013 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа ОУЦХБ болон Ази-Номхон Далайн бүсийн Цахилгаан холбооны байгууллагаас хамтарсан 8 дахь удаагийн спектр менежментийн хурал нь энэ жил Тайланд Улсын нийслэл Бангкок хотод 04 дүгээр сарын 26-аас 27-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Тус хурлыг дэлхийд мэдээлэл, харилцаа холбооны салбарт тэргүүлэгч Ericsson, Huawei, Nokia, GSA, GSMA INTELSAT OneWeb, Qualcomm зэрэг компаниудын дэмжлэг дор явагдсан бөгөөд эдгээр компаниуд мөн өөрсдийн орчин үеийн техник, технологийн шийдлийн талаар илтгэлийг тавьж оролцлоо.
Хуралд цахимаар 600 гаруй, биечлэн 40 нийт 640 гаран төлөөлөгч, оролцогчийн бүрэлдэхүүнтэй болсон бөгөөд уг хуралд тус хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын холбогдох албаны хүн оролцсон болно. Хуралд дараах сэдвүүдийн хүрээнд илтгэл, танилцуулга хийгдлээ. Үүнд:
04 дүгээр сарын 26-ны хуралд:
- Тэргүүлэх зорилтуудыг тэнцвэржүүлэх - APAC бүсийн олон төрлийн холболтын шаардлагыг хангах спектрийн стратеги;
- Дэлхийн радио холбооны их хурал 2023-ын бэлтгэл;
- Радио давтамжийн С зурвасын экосистем;
- АНД бүсийн радио давтамжийн 6 ГГц-ийн зурвасын өөрчлөлт;
- Радио давтамжийн C болон 6 ГГц-ийн зурвасаас дээш хэрэглээ.
04 дүгээр сарын 27-ны хуралд:
- Тайланд, Бразил, Өмнөд Африкийн улсуудын спектрийн тусгай зөвшөөрөл болон төлөвлөлтийн талаар;
- VSAT системийн талаар;
- Радио давтамжийн миллиметрийн царааны ирээдүй;
- UHF царааны ашиглалт;
- Радио давтамжийн ашиглалтын 2030 оны төсөөлөл;
- Утасгүй холболтын WiFi радио хандалтын асуудал зэрэг сэдвүүд танилцуулагдлаа.
Уг хуралд хамгийн их анхаарал татаж байсан сэдвүүд нь Дэлхийн радио холбооны их хурал 2023-ын холбогдох дараах асуудлууд байлаа.
1. Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд зориулсан радио давтамжийн 3300-3400 МГц, 3600-3800 МГц, 6425-7025 МГц, 7025-7125 МГц, 10.0-10.5 ГГц-ийн зурвасуудыг, мөн Тогтоол 245 (WRC‑19)-ын дагуу зохих нэмэлт хуваарилалтыг 1-р зэрэглэлээр хөдөлгөөнт үйчилгээнд тус тус хэлэлцэх;
2. Тогтоол 235 (WRC‑15)-ын дагуу I бүсийн радио давтамжийн 470-960 МГц-ийн зурвасын одоо байгаа үйчилгээнүүдийн ашиглалт, хэрэгцээг дахин хэлэлцэх, хэлэлцсэний үндсэн дээр I бүсийн 470-694 МГц-ийн зурваст зохих зохицуулалтын арга хэмжээг авах;
3. Радио давтамжийн 4800-4990 МГц-ийн зурваст ОУЦХБ-ын судалгаа, хэмжилтэд үндэслэн олон улсын агаарын, усан орон зайд байрших агаарын болон далайн хөдөлгөөнт үйлчилгээний станцыг бусад дотоод бүс нутгийн станцаас хамгаалах хамгаалалтыг авч үзэх, мөн Тогтоол 223 (Rev.WRC‑19)-ын дагуу нэмэлт хуваарилалт дугаар 5.441B-ийн чадлын нягтын хэмжээг дахин хэлэлцэх;
4. Гео бус хөдөлгөөнт бус хиймэл дагуулын үйлчилгээний дэлхийн станцуудын радио давтамжийн 17.7-18.6 ГГц, 18.8-19.3 ГГц, 19.7-20.2 ГГц (сансар-Дэлхий), 27.5-29.1 ГГц ба 29.5-30 ГГц (Дэлхий-сансар)-ийн зурвасыг ашиглалтыг хялбаршуулах үүднээс техникийн, ашиглалтын, зохих зохицуулалтын арга хэмжээг судалж, хөгжүүлэх, мөн Тогтоол 173 (WRC-19) -ын дагуу эдгээр давтамжийн зурвас дахь одоо байгаа үйлчилгээнүүдийн хамгаалалтыг хангах.
2022.05.04