
Орон тооны бус зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар радио, телевизээр хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулга тухайлбал хуулиар хориглосон хүчирхийлэл, садар самууныг сурталчлах, гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан, хар тамхи, сэтгэхүйд нөлөөлөх эм бэлдмэл бэлтгэн боловсруулах, хэрэглэх зэрэг бүтээлийг нэвтрүүлэхийг хориглож нэвтрүүлэгт насны ангиллын тэмдэглэгээ ашиглах, цагийн хязгаарлалтыг баримтлах зэрэг зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэхүү зохицуулалтын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30.1.7а-д заасан чиг үүргийн дагуу радио, телевизийн хөтөлбөрт хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн агуулгын хэм хэмжээг хуулиар хязгаарласан буюу Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан агуулгын хүрээнд тодорхойлж, “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийг батлан гаргаж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих Орон тооны бус зөвлөл нь зохисгүй агуулгатай холбоотой дараах асуудлуудыг хуралдаанаараа хэлэлцэн, дүгнэлт гарган шийдвэрлэж байна. Үүнд:
- Радио, телевизээр зохисгүй агуулгатай контент, нэвтрүүлэг нэвтрүүлсэнтэй холбоотой иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, тухайн агуулга нь зохисгүй эсэхэд дүгнэлт гаргаж, шийдвэрлэх;
- Өдрийн цагаар 18+ тэмдэглэгээтэй контент нэвтрүүлсэн зөрчлүүд;
- Насны ангиллын тэмдэг тэмдэглэгээ буруу тавьсан болон огт тавиагүй зөрчлүүд;
- Телевизийн хөтөлбөрийн хяналт мониторингийн дүнгээр өдрийн цагаар Хөтөлбөрийн дүрэм зөрчсөн байж болзошгүй, илт зохисгүй гэж үзэх агуулга бүхий киног нэвтрүүлсэн тохиолдлуудыг хэлэлцэж, холбогдох зөвлөмж, мэдэгдлийг телевизүүдэд хүргүүлж, дүрмийн хэрэгжилтийг хангахад анхааран ажиллаж байна.
2025 онд иргэдээс нэр бүхий радио, телевизээр хүүхдэд зохисгүй агуулга, хараалын үг хэллэг бүхий контент нэвтрүүлж байгаа тухай 3 гомдол ирсэн. Гомдлыг радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэж хариу тайлбарыг авч зөвлөлийн хурлаар хэлэлцэж, гомдлын агуулгатай холбоотойгоор өөрийн редакцад хяналт тавьж ажиллах, зөрчил бүхий контентыг дахин нэвтрүүлэхгүй байх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар заавар, зөвлөмжийг 2 үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлэн ажилласан.
Түүнчлэн, Орон тооны бус зөвлөлд танилцуулж, хэлэлцүүлсний үр дүнд гарсан дүгнэлт, шийдвэрийг иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд, мөн гомдол гаргасан тухайн иргэдэд хариу тайлбар, мэдээлэл хэлбэрээр өгч ажилласан. Мөн Зөвлөлийн хуралдааны талаарх улирал тутмын тайлан мэдээнд ирүүлсэн гомдол, хуралдаанаас гарсан дүгнэлт, гомдол шийдвэрлэлтийн явц, үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг тогтмол тусган тайлагнаж байна.
2025 онд телевизийн мониторингийн тайлангийн дүнгээр насанд хүрэгчдэд зориулсан контентыг 06-22 цагийн хооронд нэвтрүүлсэн, цагийн хязгаарлалт зөрчсөн гэх зэрэг зөрчлийн тайланг нэгтгэн гаргаж Орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэв. Үүний үр дүнд нийт 22 телевизийн холбогдох зөрчлийг хэлэлцэж мэдэгдэл анхааруулга, зөвлөмж хүргүүлж ажиллалаа. Үүнд:
- 06:00-22:00 цагийн хооронд 18+ цагийн шаардлага зөрчсөн, насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээг тавиагүй эсхүл буруу тавьсан (мэдэгдэл-8, зөвлөмж-3 телевизэд) хүргүүлсэн.
Мянгат малчин, NTN, Channel 11, 25-р суваг, Хөгжил, BBS, Буян, М кино - Хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэн (9 телевизэд) мэдэгдэл хүргүүлсэн.
Лайк, D1, Өндөрхаан, Сүлд, ТВ5, Айст Глобал, X TV, DBS, Дорнын ТВ6

Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм болон насны ангиллын тэмдэг тэмдэглэгээ, кино, контент бүтээгч телевизийн үйлчилгээ эрхлэгч, эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх зорилгоор нийт 3 видео контент, 2 баннер, 2 нийтлэл бэлтгэн мэдээллийн сайт, хорооны вебд байршуулан олон нийтэд түгээсэн.
Нийтлэл, видео контентын агуулга:
- “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалсан, ээлтэй өргөн нэвтрүүлгийн орчинг хамтдаа бүтээцгээе нийтлэлийг https://gogo.mn/
- Зохисгүй агуулга бүхий контент хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ? нийтлэлийг https://ikon.mn/
- Хүүхдээ зохисгүй агуулгаас хамгаалцгаая! Зохисгүй агуулгад юу хамаарах тухай зөвлөмж бүхий ведио.
- Насны ангиллын тэмдэг тэмдэглээ, цагийн хязгаарлалт, контент бүтээгчдэд чиглэсэн зөвлөмж ведио.
Орон тооны бус зөвлөлөөр хэлэлцсэн бусад асуудал:
Кино урлагийг дэмжих тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дах хэсэгт “Монгол Улсад кино бүтээлд насны ангилал тогтоох, түгээх үйл ажиллагаанд мөрдөх Насны ангилал тогтоох шалгуур, кино түгээхэд баримтлах журмыг олон улсын стандартын дагуу Кино урлагийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батална” гэж заасны дагуу 7 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан.
Журмын төсөл боловсруулах ажлын хүрээнд Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлийн ээлжит хурлаар 2 удаа танилцуулагдаж, зөвлөлийн гишүүдээс санал авч журамд тусган боловсруулан ажиллаа.
Орон тооны бус зөвлөл нь 2025 онд 3 удаа хуралдаж 1 удаагийн хурлыг цахим хэлбэрээр танилцуулж хуралдсан. Мөн харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны хагас жилийн сэтгүүлд “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлийн хагас жилийн тайлан, мэдээллийг байршуулсан.
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР