Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн салбарт тулгамдаж буй асуудлуудын хүрээнд “Шуудангийн салбарын зохицуулалт-2025” зөвлөгөөнийг 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар, Цахим хөгжил инновац, харилцаа холбооны яам, Зам тээврийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, И-Монгол академи Улсын төсөвт үйлдвэрийн газар, Авто тээврийн үндэсний төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Монгол шуудан ХК, Монголын шуудангийн операторуудын холбоо, Улс хоорондын шуудангийн холбоо, Олон Улсын цахим худалдаа, илгээмжийн үйлчилгээ, ачаа тээвэр эрхлэгчдийн холбоо, Юбикаб экспресс ХХК, Ток ток ХХК, Номадик софт ХХК, Морин өртгөө групп ХХК, Эйч Си Эй ХХК болон төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн 120 орчим төлөөллүүд оролцсон юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн, Ажлын албаны дарга А.Лувсан-Очир зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээрээ цахим хөгжилд шилжиж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ илүү хурдтай, найдвартай дэвшилтэт үйлчилгээ, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн технологи, шинэ төрлийн инновацыг нэвтрүүлэхийг шаардаж байгаа цаг үед шуудангийн салбарын зохицуулалт, хөгжлийн талаар бодлого боловсруулагчид болон үйлчилгээ эрхлэгчид хамтдаа хэлэлцэж байгаа нь хамгийн зөв шийдэл болж байна” гэж онцоллоо.
Үүний дараа ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням Монгол Улсын хэмжээнд шуудангийн зохицуулалтын талаар 2030 он хүртэл баримтлах стратегийг товч танилцууллаа.

Зөвлөгөөнөөр үндсэн 4 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж тухайн чиглэлээр бодлого боловсруулдаг төрийн байгууллага, холбоод, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд бодит амьдралд тохиолдож байгаа ололттой болон алдаа дутагдалтай талуудыг харилцан ярилцаж санал шийдэл, сайжруулах боломжуудыг хэлэлцсэн юм.
ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ:
Улаанбаатар хот болон орон нутагт шуудангийн үндсэн болон бусад сүлжээгээр дамжуулан харилцан холбогдож, сүлжээний ашиглалтыг сайжруулах талаар санал шийдлээ ярилцсан энэ хэлэлцүүлгийг ХХЗХ-ны Зах зээл, үнэ тарифын зохицуулалтын газрын дарга Д.Ариунболд удирдаж Монгол шуудан ХК, Монголын шуудангийн операторуудын холбоод илтгэл тавьж, оролцогсод санал бодлоо нээлттэй солилцлоо.


ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ ШИЛЖИЛТ:
Шуудангийн салбар дэлхий нийтээрээ цахимжиж байгаа энэ үед цахим худалдаа шуудангийн хоршил, үүнд зориулсан бодлого эрх зүйн баримт бичиг ямар байх, хүргэлтийн ухаалаг хайрцаг (Smart Lockers), дрон болон бусад инновацыг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж, шийдлийн талаарх удаах хэлэлцүүлгийг И-Монгол академи УТҮГ-ын Цахим засаглалын хэлтсийн дарга Х.Энхманлай удирдаж, ХХЗХ-ноос шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын дунд хийсэн цахимжуулалтын судалгааг танилцуулсан бол Ток ток ХХК, Номадик Софт ХХК-иуд цахим шилжилтийн талаарх ололт амжилтаа танилцуулсан юм.



ШУУДАНГИЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН ЗОХИЦУУЛАЛТ
Шуудангийн салбарын төр болон хувийн хэвшлийн ажлын уялдаа холбоог сайжруулах, Гаалийн ерөнхий газар болон шуудангийн компаниудын мэдээлэл солилцооны хурд, шуудангийн илгээмжийн хүргэлтийг хурдасгахад Зам тээврийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Авто тээврийн үндэсний төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг төрийн байгууллагуудаас хамааралтай зохицуулалтуудын ямар шийдэл байж болох тухай хэлэлцүүлгийг ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням удирдаж үүсээд буй нөхцөл байдлын талаар жишээ, тоо баримт дурдаж холбогдох албаны хүмүүсээс хариулт авлаа.





ШУУДАНГИЙН ДҮРЭМ СТАНДАРТ
Шуудангийн салбарт мөрдөгдөж байгаа үйлчилгээний чанарын стандарт, илгээмж хүргэх хугацаа, үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүд бүхий стандартуудыг шинэчлэх, шуудангийн салбарын үндсэн үйлчилгээний хүртээмжийг зохицуулах журам, стандартын талаарх хэлэлцүүлгийг ХХЗХ-ны Зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг удирдаж, Стандарт хэмжилзүйн газар, Монгол шуудан ХК, Юбикаб экспресс ХХК-иуд асуултад хариулан шуудангийн салбартай холбогдолтой стандартуудад нэмэлт өөрчлөлт оруулан зөвлөгөөнд оролцогчдоос санал авахаар тохиролцлоо.




Шуудангийн салбарын зохицуулалт-2025 зөвлөгөөнөөс гарсан санал, санаачилгуудыг нэгтгэн боловсруулж төрийн болон хувийн хэвшлүүд шийдэлд хүрэхийн төлөө хамтарч ажиллахаар боллоо.
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР