Харилцаа холбооны зохицуулах хорооноос зарласан “ОСДҮЭ-Монгол Улс-2026” буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт интернэт протоколд суурилсан (OTT) олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичгийн талаар оролцогчоос 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр албан бичгээр тодруулга авах хүсэлт ирүүлсэн.
Сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсэг хүсэлтийг хянан үзэж, холбогдох тайлбарыг тухайн оролцогчид албан бичгээр хүргүүлсэн.
Бүх оролцогчдод мэдээллийг ижил тэгш авч, саналын баримт бичгээ ийг бүрэн, зөв бүрдүүлэх боломжийг хангах үүднээс тодруулгыг нийтэлж байна.
1. Санхүүгийн тайлангийн баталгаажуулалтын талаар
Сонгон шалгаруулалтын баримт бичгийн 2.8.1 дэх хэсгийн “а”-д заасан санхүүгийн тайланг заавал аудитын байгууллагаар аудит хийлгэж, аудитын дүгнэлтээр баталгаажуулсан байх шаардлага тавиагүй. Иймд санхүүгийн тайланг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурж, байгууллагын тамгаар баталгаажуулсан хэлбэрээр ирүүлж болно.
2. Шинээр байгуулагдсан компанийн санхүүгийн тайлангийн талаар
Компанийн санхүүгийн тайлангийн хувьд Сонгон шалгаруулалтын баримт бичгийн 2.8.1-д 2024, 2025 оны жилийн эцсийн болон 2026 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг ирүүлэхээр заасан.
Танай байгууллага 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан тул 2024 оны санхүүгийн тайлан ирүүлэх шаардлагагүй. Иймд танай байгууллага 2025 оны жилийн эцсийн болон 2026 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг компанийн дотоод нягтлан бодох бүртгэлийн системд боловсруулж, энэхүү албан бичгийн 1-д заасны дагуу баталгаажсан байх шаардлагатай. Сонгон шалгаруулалтын баримт бичигт санхүүгийн тайланг Сангийн яаманд заавал хүргүүлсэн байх шаардлага тавиагүй болно.
Түүнчлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг санхүүгийн чадавхыг нотлох нэмэлт баримт болгон хавсаргаж болно.
Ирүүлсэн санхүүгийн тайлан болон холбогдох нотлох баримтыг сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийн хүрээнд үнэлж, дүгнэнэ.
3. Хуулбар баримт бичгийг баталгаажуулах талаар
Сонгон шалгаруулалтын баримт бичгийн 2.6.2 болон 2.8.2 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн дүрэм, инженер техникийн ажилтнуудын диплом, мэргэжлийн үнэмлэх зэрэг баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавиагүй.
Харин сонгон шалгаруулалтын баримт бичгийн 3.3.3-т заасны дагуу баримт бичгийг хуудас тус бүрээр дугаарлаж, тамга дарж баталгаажуулах шаардлагатай тул холбогдох хуулбар баримт бичгийг хуулийн этгээдийн албан ёсны тамгаар баталгаажуулан ирүүлнэ.
4. Саналын цахим хувьд тоон гарын үсэг зурах шаардлагын талаар
Сонгон шалгаруулалтын баримт бичгийн 3.2.1 болон 3.3.1 дэх хэсэгт саналын эх хувийг цаасан хэлбэрээр, цахим хувийг PDF өргөтгөлтэй файлаар зөөврийн санах ой (USB flash drive эсхүл Compact Disc)-д хуулж ирүүлэхээр заасан.
Цахим хувьд гүйцэтгэх захирлын тоон гарын үсэг заавал зурах шаардлага тусгагдаагүй тул цахим хувийг PDF файл хэлбэрээр бэлтгэн ирүүлэхэд хангалттай.
Харин саналын цаасан эх хувь болон цахим хувийн агуулга зөрсөн тохиолдолд сонгон шалгаруулалтын баримт бичгийн 3.3.2-т заасны дагуу цаасан эх хувийг баримтална.
Дээрх тайлбар нь “Монгол Улсын нутаг дэвсгэрт олон суваг дамжуулах үйлчилгээг (интернэт протоколд суурилсан (OTT)) эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт”-д оролцогчдод мэдээллийг ижил тэгш хүргэх зорилготой бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан бусад шаардлага хэвээр мөрдөгдөнө.