Монголын мэдээллийн технологийн консорциумаас санаачлан эхлүүлсэн “Монголын мэдээллийн технологи-2026” XIII дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Үндэсний батлан хамгаалахын их сургууль түүхт 105 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС) Монголын Мэдээллийн Технологийн Консорциум, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хамтран “Сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ҮБХИС-ийн хичээлийн байранд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь мэдээллийн технологи, харилцаа холбоо, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээ зэрэг дэвшилтэт технологийн чиглэлээр хийгдэж буй судалгаа, инновацын үр дүнг хэлэлцүүлэх, төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Хурлаар “Сөрөн тэсвэрлэх чадавх”, “Холбоо, сүлжээ”, “Эх хэл боловсруулалт”, “Кибер аюулгүй байдал”, “Өгөгдлийн шинжилгээ”, “Дохио, медиа боловсруулалт, автоматжуулалт”, “Хиймэл оюун”, “Компьютерын хараа” гэсэн найман салбар хуралдааны хүрээнд нийт 50 аман илтгэл, 53 үзүүлэн илтгэл хэлэлцүүллээ.
Үндсэн хуралдаанд дотоод, гадаадын нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид зочин илтгэгчээр оролцож, орчин үеийн технологи, кибер аюулгүй байдал, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын чиглэлээр ач холбогдол бүхий илтгэлүүдийг танилцуулсан юм. Тухайлбал,
· Доктор (PhD), профессор, дэслэгч генерал Д.Ганзориг “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвээр илтгэл тавьж, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах тогтолцоо, мэдээллийн дэд бүтэц, технологийн хараат бус байдал болон төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоонд суурилсан сөрөн тэсвэрлэх чадавхын ач холбогдлыг онцолсон.
· Мөн Арабын Нэгдсэн Эмират Улсын Их Сургуулийн Доктор (PhD), дэд профессор Г.Мөнхжаргал “Tcubes: Non-Privacy Invasive Dataset for Activities of Daily Living as Thermal Cubes using multi-LSTM” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хиймэл оюун болон deep learning технологид суурилсан хүний өдөр тутмын үйл ажиллагааг дулааны өгөгдөл ашиглан нууцлалд халдахгүйгээр таних судалгааны шинэ аргачлал, хэрэглээний талаар танилцууллаа.
· Түүнчлэн Энэтхэг улсын кибер аюулгүй байдлын судлаач, хурандаа Sachin Dixit “Convergence of AI and Cybersecurity: Emerging Threats, Defences, and the Road to Resilient Systems” сэдвээр илтгэл тавьж, хиймэл оюун болон кибер аюулгүй байдлын огтлолцол, шинээр үүсэж буй кибер заналхийлэл, хамгаалалтын шийдэл болон тогтвортой, сөрөн тэсвэрлэх чадвартай системийг хөгжүүлэх чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Хуралд нийт 8 их, дээд сургууль, төрийн болон хувийн хэвшлийн 10 гаруй байгууллагын 200 орчим эрдэмтэн, судлаач, профессор багш, инженер, мэргэжилтэн, оюутан, залуус оролцож, мэдээллийн технологийн салбарын тулгамдсан асуудал, инновацын шийдэл, хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцсон юм.
Энэ жилийн хурлын онцлох сэдэв болох “Сөрөн тэсвэрлэх чадавх” нь зөвхөн батлан хамгаалах салбарын хүрээний асуудал бус, улс орны дижитал дэд бүтэц, кибер орчин, мэдээллийн аюулгүй байдал, технологийн тогтвортой хөгжилтэй нягт холбоотой асуудал болохыг оролцогчид онцлон тэмдэглэв.
Хурлын хүрээнд шилдэг өгүүллийг шалгаруулж, Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит “ШИЛДЭГ СУДЛААЧ” шагналыг гардуулдаг. Энэ жил “Хиймэл оюун, өндөр технологи батлан хамгаалах салбарт” өгүүлэл шалгарч, “ҮБХИС-ийн судлаачдын хамтарсан баг “ШИЛДЭГ СУДЛААЧ” цом, мөнгөн шагнал, өргөмжлөлийг гардан авлаа.

“Монголын Мэдээллийн Технологи 2026” эрдэм шинжилгээний хурал нь мэдээллийн технологи, харилцаа холбоо, кибер аюулгүй байдал, хиймэл оюуны чиглэлийн судалгааны ажлуудыг нэгтгэн дүгнэж, үндэсний хэмжээнд технологийн судалгааны орчныг бэхжүүлэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.