Харилцаа холбооны Зохицуулах Хороо

Цахим орчны зохицуулалт

Домэйн нэрийн зохицуулалт

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ыг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 242 тоот тогтоолын хавсралтаар  шинэчлэн баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 7054 дугаарт бүртгүүлсэн.

Домэйн нэрийг бүртгэх ашиглах журамтай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355454497221&showType=1 холбоосоор орж танилцана уу.

Дээрх журамд Харилцаа холбооны тухай хуульд заасны дагуу домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах, түүнтэй холбоотой домэйн нэрийг бүртгэх үйл ажиллагааны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтэд чанартай, аюулгүй үйлчилгээний орчин бий болгох, домэйн нэр эзэмшигч болон эцсийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн домэйн нэрийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад бүртгэх, төрийн болон боловсролын байгууллагын домэйн нэрийг бүртгэхтэй холбоотой зохицуулалт, домэйн нэр бүртгэгч байгууллага, домэйн нэр эзэмшигч, Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэг тодорхой тусгагдсан.

Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын 4.4, 1 дүгээр хавсралтад тус тус заасны дагуу Монгол Улсын төрийн байгууллага нь GOV.MN өргөтгөлтэй домэйн нэрийг эзэмших хүсэлтийг “Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журам”-ын хоёрдугаар зүйлд заасны дагуу “Үндэсний дата төв” УТҮГ-т, Монгол Улсын боловсрол, сургалтын байгууллага нь EDU.MN өргөтгөлтэй домэйн нэрийг эзэмших хүсэлтийг “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-т гаргана.

Домэйн нэрийн бүртгэгч байгууллагуудын жагсаалт:

Байгууллагын нэр Цахим хуудас Цахим шуудан Утас
1 Датаком ХХК https://datacom.mn/ support@datacom.mn 7000-0505
2 Үндэсний дата төв УТҮГ https://datacenter.gov.mn/ info@datacenter.gov.mn 7018-0092
3 Боловсролын мэдээллийн технологийн төв УТҮГ https://itc.edu.mn/ info@edu.mn 7577-2727
4 МэйжикНэт ХХК https://magicnet.mn/ info@magicnet.mn 7533-2061
5 Айтүүлс ХК https://itools.mn/ info@itools.mn 7575-5585
6 Мобинет ХХК https://mobinet.mn/ info@mobinet.mn 7595-2288
7 Грийн Софт ХХК https://greensoft.mn/ info@greensoft.mn 7710-1251
8 Виртуал Ворлд ХХК https://virtual.mn/ info@virtual.mn 7818-8080

Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын 4.2-т домэйн нэр эзэмшигчийн нэр, хаяг, утас, цахим шуудангийн хаяг, серверийн нэр, АйПи хаяг, домэйн нэр бүртгэгчийн нэр, хаяг, бүртгэл хийгдсэн болон өөрчлөлт оруулсан огноо, хүчинтэй хугацаа зэрэг домэйн нэрийн сангийн мэдээлэл олон нийтэд ил тод байх тухай заасан бөгөөд MN өргөтгөлтэй домэйн нэр эзэмшигчийн бүртгэлийн мэдээллийг Олон улсын интернэтийн цахим нэр, тоон хаягжилтын корпорац (ICANN)-тай Монгол Улсын MN өргөтгөлтэй домэйн нэрийг бүртгэх үйл ажиллагааг хариуцах гэрээ байгуулсан Датaком ХХК-ийн WHOIS нээлттэй өгөгдлийн сангаас (https://datacom.mn/whois) хайх боломжтой.

Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын 10 дугаар зүйлд хуульд заасан эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэр, дүгнэлтийн дагуу Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн домэйн нэрийг зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад бүртгэж Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээг авах зохицуулалтыг тусгасан.

Өөрөөр хэлбэл, шүүх, тагнуулын байгууллага, цагдаагийн төв байгууллага, Монополын эсрэг газар, Оюуны өмчийн газар зэрэг хуульд заасан эрх бүхий байгууллага Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд Харилцаа холбооны зохицуулах хороо хуулийн хүрээнд технологийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах тухай заасан бөгөөд зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад бүртгэхэд эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх, домэйн нэр эзэмшигчид мэдэгдэх, домэйн нэр эзэмшигч гомдлоо, холбогдох тайлбар мэдээллийн хамт гаргах боломжтой, зөрчил, зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг олон нийтэд ил тод мэдээлдэг байх, тус зүйлээр зохицуулсан харилцаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамаарахгүй байхаар тусгасан нь домэйн нэр эзэмшигчийн эрхийг хангах, мэдээллийг нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг баримталсан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг эрхэмлэсэн зохицуулалт юм.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчидтэй 2012 оноос хойш хамтран ажиллаж, дээрх арга хэмжээ авч байна.

2012 оноос хойш 2024 оны эцсийн байдлаар гадаад, дотоодын 7192 домэйн нэрийг зөрчилтэй жагсаалтад бүртгэж хандалтыг хязгаарласан байна. Үүнд ихэвчлэн мөрийтэй тоглоом, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй, садар самуун, порнографыг сурталчилсан асуудалтай цахим хуудсууд бүртгэгдсэн. Жишээ нь, 2024 онд мөрийтэй тоглоомтой холбоотойгоор 454, оюуны өмчтэй холбоотойгоор 13, садар самуунтай холбоотойгоор 2, залилантай холбоотойгоор 2 зөрчилтэй домэйн нэр бүртгэгдсэн байна.

2012–2024 онд бүртгэгдсэн зөрчилтэй домэйн нэрийн тоо:

2012

14

2013

44

2014

131

2015

168

2016

98

2017

118

2018

49

2019

60

2020

221

2021

474

2022

1138

2023

4206

2024

471

Нийт:

7192

 

Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журмын 6.1.7-д "Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд ашиглах, нутаг дэвсгэрийн нэгжийг илэрхийлэх эсвэл онцлох нэршил бүхий домэйн нэрийн нөөцийн жагсаалт /цаашид “Домэйн нэрийн нөөц” гэх/-ыг үүсгэх” гэж заасны дагуу “Монгол Улсын Домэйн нэрийн нөөцийн жагсаалт”-ыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 11 дүгээр хуралдаанд тэмдэглэлийн хавсралт ёсоор үүсгэн баталсан.

Та бүртгүүлэхийг хүссэн домэйн нэрийг Монгол Улсын Домэйн нэрийн нөөцийн жагсаалтад багтсан эсэхийг https://nic.crc.gov.mn/domain/resource холбоос дахь хайлтын системээс хайх боломжтой.

Дээрх журмын 9 дүгээр зүйлд заасны дагуу аливаа иргэн, хуулийн этгээд нь домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбоотой өргөдөл, гомдол гаргах боломжтой бөгөөд ингэхдээ шалтгаан, нөхцөлийг агуулсан өргөдөл, холбогдох баримт, материал, дээрх журмын 2 дугаар хавсралт дахь домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбоотой өргөдөл гаргах маягтыг бөглөж иргэний хувьд иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ. Маягтын ЭНД дарж татна уу.  

Сүлжээний хаягжилтын мэдээллийн систем (https://nic.crc.gov.mn/) рүү орж домэйн нэрийн статистик мэдээлэлтэй танилцах боломжтой.

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn