Шинэчлэгдсэн: 2015/05/25


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 9 дүгээр хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулав. Уг хуралдаанаар нийтдээ 12 асуудлыг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаар хорооны 4 тогтоолыг батлан   шийдвэрлэв.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.2.4, 3.3 дугаар заалтыг тус тус үндэслэн “Журам шинэчлэн батлах, зохицуулалтын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 52 тоот тогтоолыг хуралдаанаар батлав. Энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Мэдээлэл холбооны сүлжээ, дэд бүтцийг хамтран ашиглах журам”-ыг шинэчлэв.

Түүнчлэн тус хорооны 2013 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Мэдээлэл, холбооны сүлжээний зохицуулалт” баримт бичгийн хоёрдугаар хавсралтад холбогдох нэмэлтийг оруулсан болно. Энэхүү чиглэлээр олон улсын хууль эрх зүй, зохицуулалтын орчин, туршлагыг судалж, одоогийн мөрдөж буй холбогдох зохицуулалтын журам баримт бичгийг зайлшгүй шинэ нөхцөлд нийцүүлэн өөрчлөх шаардлага, зах зээлд үйлчилгээ эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн саналыг тусган журмыг боловсруулжээ. Журмаар харилцаа холбооны сүлжээ, инженерийн барилга байгууламжийг хэсэгчлэн түрээслэх суурь зарчмыг тодорхойлсон ба “А” ангиллын сүлжээний үйлчилгээ эрхлэгчдийн дэд бүтцийг хамтран ашиглаж буй үйл ажиллагааг зохицуулна.

Тус хуралдааны 53 тоот тогтоолын хавсралтаар “Сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам”-ыг шинэчлэн баталлаа. Харилцан холбогдох шаардлагатай сүлжээний төрөл нэмэгдэж, шинэ техник технологи нэвтэрч байгаа учраас хуучин мөрдөгдөж байсан зохицуулалтын журмын нэр томьёог шинэчлэн уялдуулах, хамрах хүрээнд интернет, телевиз зэрэг сүлжээнүүдийг шинээр хамруулах шаардлага бий болсон байна. ХХЗХ-ноос харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан үйлчилгээ эрхлэгч нь сүлжээнд холбогдох болон бусад сүлжээтэй харилцан холболт хийх зарчим, тавигдах ерөнхий ба техникийн нөхцөл, зааглах цэг тогтоох, харилцан  гэрээ байгуулах, маргааны шийдвэрлэх зэрэг харилцааг энэхүү журмаар зохицуулахаар тогтоож өгсөн байна. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан 2003 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Цахилгаан холбооны сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам”-ыг хүчингүй болгов.

Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.10, тус хорооны Дүрмийн 3.2.4, 3.3 дахь заалт, тус хорооны 2014 оны 20 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  “Монгол Улсын хэмжээнд 18 ГГц, 22 ГГц, 38 ГГц-ийн давтамжийн зурваст ажиллах радио релейний системийг зохион байгуулах шаардлага, сувгийн хуваарилалт”-ыг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 54 тоот тогтоолын хавсралтаар батлав. Радио давтамжийн 17,7 ГГц–19,7 ГГц, 21,2ГГц--23,6 ГГц, 36 ГГц—40,5 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийг зохион байгуулах шаардлага, сувгийн хуваарилалтын баримт бичгийг боловсруулахдаа олон улсын байгууллагын зөвлөмж, мөрдөгдөж буй бодлого зохицуулалтын баримт бичгүүд, нөхцөл шаардлагатай уялдуулж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг харгалзсан байна. Уг баримт бичиг батлагдсанаар 18 ГГц, 22 ГГц, 38 ГГц-ийн давтамжийн зурваст радио релейний системийн давтамжийн тусгай зөвшөөрлийг олгох, зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэв.

Хорооны хуралдааны 55 дугаар тогтоолоор Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 10.1.1, 13.3, 14.1.1, 14.1.4,  “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.2, 15.1.3, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах хэсгийг тус тус үндэслэн үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг 24 иргэн, хуулийн этгээдэд шинээр олгох; тусгай зөвшөөрлийн гэрээний нөхцөл шаардлагыг хугацаанд нь биелүүлсэн 32 иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх; 23 иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн болно.   

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

Бусад мэдээлэл

Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын баярын хурал боллоо.
Тусгай дугаарын эзэмшигчдийн гэрээний хэрэгжилтийн байдал
Тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл /2021.09.01-ний байдлаар/
ВЕБСАЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.08.02-2021.09.01 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбооны 27 дугаар Их хурал анх удаа цахимаар амжилттай болж өндөрлөлөө
ТООН КОНТЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ1
Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээ, бүртгэлийн журам (нэмэлт өөрчлөлтийн төсөл)
ХХЗХ - Радиогийн үйлчилгээний зах зээлийн хүртээмж, үйлчилгээний нөхцөл байдал
Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягт