Шинэчлэгдсэн: 2015/05/25


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 8 дугаар хуралдаан 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар нийтдээ 10 гаруй асуудлыг хэлэлцэж, хорооны 6 тогтоол, 2 тэмдэглэл тус тус гарган шийдвэрлэв.

Тус хуралдаанаар харилцан холболтын орлого хуваарилах зарчмыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэж, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.4, 9.1.5 заалт, цахилгаан холбооны сүлжээнд холбогдох, сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журмын 10 дугаар зүйлийг тус тус үндэслэн 2011 оны 23 тоот тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн “Суурин телефон холбооны үйлчлэгчдийн сүлжээнээс үүрэн телефон холбооны үйлчлэгчдийн сүлжээнд яриа төгсгөхөд харилцан холболтын орлого хуваарилах зарчим”-ыг 2014 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн 44 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн батлав.  Батлагдсан орлого хуваарилах зарчмыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, харилцан холболтын гэрээнд тусган мөрдөж ажиллахыг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болголоо.

Монгол Улсын “Цахим гарын үсгийн тухай хууль”-ийн 34-р зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор “Цахим гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийн багц журам”-ыг баталж, багц журмыг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэв. Энэхүү журам нь Монгол Улсын “Цахим гарын үсгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, улсын хэмжээнд нийтийн түлхүүрийн дэд бүтцийг байгуулж, ашиглахтай холбоотой цогц асуудлыг зохицуулах үндсэн зорилготой бөгөөд холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандарт болон олон улсын байгууллагын ITU-T Х.509, IETF-RFC-3647 стандарт зөвлөмжтэй уялдуулан боловсруулжээ.

Монгол Улсад радио релейнд ашиглах давтамжийн төлөвлөлт, зурвасуудыг тус хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор баталсан билээ. Уг төлөвлөлтийн дагуу давтамжийн зурвасуудыг нарийвчлан боловсруулах арга хэмжээний хүрээнд тус хуралдаанаар Монгол Улсын хэмжээнд 15ГГц-ийн давтамжийн зурваст ажиллах радио релейний системийг зохион байгуулах шаардлага, сувгийн хуваарилалтыг батлаад байна. Энэхүү баримт бичигт 14.4-15.35 ГГц давтамжийн зурваст суурин үйлчилгээний  шууд харагдах зайн радио релейний системийг зохион байгуулах ашиглалтын шаардлага болон сувгийн хуваарилалтыг багтаасан болно. 

Шуудангийн чиглэлээр 2014 оны 7 сард хийсэн шалгалтын тайланг хэлэлцэж, нэр бүхий 4 шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн байсан. Хуралдаанаар Шуудангийн албанаас өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгаж, Улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 57-07-003/10 тоот дүгнэлтийн дагуу гаргасан зөрчил, дутагдлаа арилгаагүй Инфотек ХХК-ийн шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, зөрчил дутагдлаа арилгасан Дээжин корей ХХК, Ди Эм Эл ХХК, Ти Эс Ий ХХК-ийн  шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрлийг тус тус сэргээхээр шийдвэрлэсэн.

Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 10.1.1, “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.2, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн нэр бүхий 6 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгов.

Түүнчлэн хорооны тус хуралдаанаар баталсан 44, 46, 47 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хуралдааны Тэмдэглэл гаргаж,  холбогдох албадад тус тус үүрэг даалгавар өгөөд байна.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

Бусад мэдээлэл

Цахим худалдаа хийхэд анхаарах зөвлөгөө
Ази, Номхон далайн бүс нутгийн шуудангийн салбарыг тахал өвчнөөс ангижрахад туслах ДШХ-ны шинэ санаачилга
САНАЛ АВАХ ТУХАЙ
1921 оны 07 сарын 19-ний энэ өдөр орчин цагийн Харилцаа холбооны салбарын анхны байгууллага “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” байгуулагджээ
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2021 оны эхний хагас жилийн тайлан
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээнд ашиглагдах радио давтамжийн хуваарилалт ба зохицуулалт
Шуудангийн нэгдсэн кодын танилцуулга
Телевизийн хөтөлбөр, зар сурталчилгааны журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих талаар зөвлөмж
Сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан тайлан
РДӨНХТ-ийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн хэмжилт, хяналт, шалгалтын товч мэдээлэл