Шинэчлэгдсэн: 2015/04/08


Монгол Улсын нэрийн .MN домэйн нэрийн зохицуулалт сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.


Хэлэлцүүлэх сэдэв, гол агуулга: Монгол Улсын нэрийн “.mn” домэйн нэрийн олголт, зохицуулалтыг боловсронгуй болгох тухай

Шийдвэрлэх шаардлагатай асуудлууд: Монгол Улсын нэрийн “.mn” домэйн нэрийн  олголт, зохицуулалт, бүртгэлийн санг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх, үйлчилгээний үнийг хэрхэн бууруулах боломжийг тодорхойлох

Зохицуулах хорооны судалгаа, дүгнэлт: Интернэтийн хаяг, домэйн нэрийг Олон улсын  нэр, хаягийн байгууллага (ICANN–Internet Corporation for Assigned Name and Number)-аас олгодог. Тус байгууллагаас ерөнхий дээд түвшний домэйн (gTLD-generic Top Level Domain), улсын код дээд түвшний домэйн (ccTLD-country code Top Level Domain) болон үндэсний домэйн нэр (IDN- Internationalized Domain Name) гэсэн дээд түвшний домэйн нэрүүдийг олгодог бөгөөд ccTLD буюу улс оронд зориулсан 2 үсгэн товчлол бүхий домэйн (.mn, .ru, .cn, .us, .uk гэх мэт) нь олон улсын ISO 3366-1 стандартад заагдсан байдаг. ICANN нь 1998 онд байгуулагдсан бөгөөд үүнээс өмнө АНУ-ын Засгийн газар нь домэйн нэрийн системийн удирдлагыг хэрэгжүүлж байсан.

ICANN нь ашгийн бус олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны статустай бөгөөд спонсор байгууллагуудтай хийсэн гэрээний үндсэн дээр санхүүжин, санхүүжилтээ тайлагнаж ажилладаг.

ICANN нь АНУ-ын ЗГ болон Худалдааны яам, Батлах хамгаалах яам зэрэг эрх бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийн хүрээнд ажилладаг бөгөөд байнгын шинэчлэлт, өөрчлөлтийг хийн, үүний дагуу илтгэл, тайлан мэдээг тогтмол гаргадаг.

Дэлхийн бусад улс, орнуудын ccTLD-г удирдах эрхийг эзэмшигч нь ашгийн-бус байгууллага, хувийн компани, интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдийн нэгдэл, холбоо, интернэт мэдээллийн төв, их сургууль, төрийн байгууллага түүний салбар нэгж зэрэг олон янзын статустай байгууллагууд байна.

Улс орнууд нь интернэтийн хаягийн нөөцийн, интернэтийн домэйн нэрийн зохицуулалтын зэрэг холбогдох хуультай, хуулиндаа тухайн улсын нэрийн код бүхий домэйн нэрийн олголт, зохицуулалтын талаар тодорхой тусгасан байдаг нь энэ талын нэгдсэн бодлого зохицуулалттай, үндэсний баялагийн хүрээнд авч үзэн ихээхэн ач холбогдол өгдөг нь харагдаж байна.

Манай улсын нэрийн код бүхий .mn домэйн нэрийг ICANN-тай хийсэн гэрээний дагуу Датаком ХХК эзэмшдэг бөгөөд 1996 оноос хойш өнөөг хүртэл олголт, зохицуулалтыг дангаар гүйцэтгэж ирсэн. Өнөөдрийн байдлаар МУлсын нэрийн .mn домэйн нэрийн үйлчилгээний үнэ нь 45’000 төгрөг /НӨАТ ороогүй/ байна.

Монгол Улсад домэйн нэрийн олголт, зохицуулалтын талын хууль, журам өнөөг хүртэл байхгүй байгаагаас энэ ажлыг хувийн компани дангаараа бие даан гүйцэтгэсээр ирсэн. Датаком ХХК нь  ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, төрийн, олон нийтийн ямар ч байгууллагатай гэрээтэй ажилладаггүй, тайлан мэдээ гаргах үүрэг албан ёсоор хүлээдэггүй байна.

Иймээс энэ талын зохицуулалтыг хийх үүднээс МУлсын Засгийн газраас 2013 оны 01 сарын 05-ны өдрийн №01 дугаартай тогтоолоор Монгол Улсад домэйн нэрийн олголтыг зохион байгуулж ажиллахыг Харилцаа Холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-нд даалгасан шийдвэр гарсан.

ХХЗХорооны зүгээс энэ талын зохицуулалтыг боловсронгуй, оновчтой хийх үүднээс интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгч, олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулж байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид дараах асуултуудад хариулт бэлтгэж ирнэ үү:

  1. .MN домэйний хувьд ямар нэгэн зохицуулалт шаардлагатай гэж үзэж байна уу?
  2. .MN домэйн нэрийн үйлчилгээний үнэ 45’000 төгрөг байгааг та юу гэж үзэж байна: Үнэтэй, боломжийн, хямд, мэдэхгүй
  3. Домэйн нэрийн олголт зохицуулалтын одоогийн үйл ажиллагааны талаарх санал бодол
  4. Манай оронд домэйн нэр, интернэтийн хаягийн нөөц, зохицуулалтын тухай хууль, зохицуулалтын баримт бичиг гаргах шаардлагатай гэж үзэж байна уу?
  5. Бусад нэмэлт санаа

Харилцаа холбооны зохицуулах хороо

Бусад мэдээлэл

1921 оны 07 сарын 19-ний энэ өдөр орчин цагийн Харилцаа холбооны салбарын анхны байгууллага “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” байгуулагджээ
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2021 оны эхний хагас жилийн тайлан
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээнд ашиглагдах радио давтамжийн хуваарилалт ба зохицуулалт
Шуудангийн нэгдсэн кодын танилцуулга
Телевизийн хөтөлбөр, зар сурталчилгааны журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих талаар зөвлөмж
Сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан тайлан
РДӨНХТ-ийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн хэмжилт, хяналт, шалгалтын товч мэдээлэл
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зах зээлийн судалгааны аргачлал боловсруулах Зөвлөх үйлчилгээ авах тухай
Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2021.06.01-2021.06.15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ