Шинэчлэгдсэн: 2015/04/08


Телевизүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай мэдээлэл


-Шалгалтыг 4 газар хамтран хийв-

 

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Оюуны Өмчийн Газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Нийслэлийн Цагдаагийн Газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа кабелийн телевизүүдийн үйл ажиллагаанд 2013 оны 01 дүгээр сарын 07-ноос  2 дугаар сарын 02-ны хооронд үзлэг шалгалт хийж дүнгээ гаргасан юм.

Дээрх шалгалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийт 17 телевизүүд хамрагдсан бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлагын хэрэгжилт, техникийн стандартыг хэрхэн хангаж ажиллаж байгааг хорооны зүгээс голчлон анхаарч шалгалаа. Тусгай зөвшөөрлийн гэрээ, түүнд тавигдсан нөхцөл шаардлагын хувьд нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгаа, Монгол бүтээлийн эзлэх хувь хэмжээ, хөтөлбөрийн цагийн хуваарийг баримтлах зэрэг үзүүлэлтүүдээс гадна телевизүүдийн хөтөлбөрийн бүтцийг авч үзсэн. Тухайн телевизийн өөрийн бүтээл үйлдвэрлэл, хөтөлбөр бэлтгэхдээ олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, үзэгч, олон нийтийн эрх ашгийг дээдлэх чиглэлийг үндсэн үүрэг, зорилгоо болгосон байдал, арилжааны шинжтэй нэвтрүүлгийн хувь хэмжээ, мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, цэнгээнт төрлийн нэвтрүүлэг, киноны эзлэх хувь хэмжээ зэрэгт телевиз тус бүрээр үнэлэлт өгч, эфирийн телевизүүдийн хөтөлбөрийн өнөөгийн байдлыг харьцуулан авч үзсэн болно. Техникийн стандартын хувьд телевизийн студийн хэмжээ, гэрэлтүүлэг, акустикийн шаардлага, тоног төхөөрөмжийн технологи үйл ажиллагааны стандартыг хангасан байдалд үзлэг шалгалт хийснээс гадна эфирийн студийн дүрс болон дууны үндсэн гаралтын дохионы хэмжилт, мөн Улаанбаатар хотын хэмжээний 40 цэгт нийт сувгийн долгионы тархалт, хамрах хүрээний хэмжилтийг тус тус хийж шалгалтын дүнг нэгтгэсэн юм.

Ингээд энэ удаагийн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, тус хорооноос хийдэг байнгын мониторингийн дүн болон хамтарсан байгууллага тус бүрийн өгсөн үнэлгээг авч хэлэлцээд 1 үйлчилгээ эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг  3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 4 үйлчилгээ эрхлэгчид түдгэлзүүлэхийг сануулах, 5 үйлчилгээ эрхлэгчид сануулга үүрэг даалгавар, 5 үйлчилгээ эрхлэгчид үүрэг даалгавар хүргүүлэх арга хэмжээ авлаа. Тодруулбал, Монгол телевиз ХХК-ийн Монгол Телевиз, Медиахолдинг ХХК-ийн ТВ9 телевизүүд тусгай зөвшөөрлийн нөхцөл гэрээг сайн ханган ажиллаж байна гэж дүгнэгдсэн. Мөн Медиахолдинг ХХК-ийн ТВ9 телевиз, Улаанбаатар телевиз ХХК-ийн UBS телевиз болон Сэрүүлэг констракшн ХХК-ийн ТВ8 телевизүүд 2011 онд хийгдсэн үзлэг шалгалтаар өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж тодорхой ахиц гаргасан үзүүлэлттэй байв. Харин Тэнгэрлэг эх орон ХХК-ийн Эх орон телевиз, Шинэ боловсрол – XXI сан ТББ-ын Боловсрол телевиз, Юнайтэд бродкастинг корпорешний Стар телевиз, Алсын гэрэл ХХК-ийн ТМ телевизүүдийн хувьд 2011 онд хийгдсэн үзлэг шалгалтаар үйл ажиллагаанд нь өгч байсан үнэлэлт нь энэ удаад харьцангуй буурсан үзүүлэлттэй байсан учир үйл ажиллагааг нь түдгэлзүүлэхийг сануулах арга хэмжээг тус тус аваад байгаа юм.

Үүний зэрэгцээ 2012 оны 1 дүгээр сараас 2012 оны 12-р сар хүртэлх мониторингийн дүнгээр зар сурталчилгааны тогтмол хэтрэлттэй 7 телевиз (UBS, SBN, NTV, C1, TV5, MN25, Боловсрол)-д телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ болон ХХЗХ-ны 2011 оны 27 дугаар тоот тогтоолыг үндэслэн АНЗ тооцох арга хэмжээ авагдсан болно.

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай