Шинэчлэгдсэн: 2021/08/03


Цахим худалдаа хийхэд анхаарах зөвлөгөө


Цахим худалдаа хийхэд анхаарах зөвлөгөө          

          Интернет хэрэглээ бизнес эрхлэгчид болон иргэд хоорондын харилцаа, худалдааны хэлбэр, хандлагыг эрс өөрчилж байна. “Цахим худалдаа (e-commerce)”-ны хэрэглээ, ач холбогдол жилээс жилд өсөн нэмэгдэж, шинэ тоглогчид олноороо бий болж байгаа нь энэхүү зах зээлийн хурдацтай хөгжил дэвшлийг илэрхийлж байна.  

          Цахим худалдаа гэдэг нь интернетээр дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авах, үйлчилгээ авах, өөрийн барааг худалдах өгөгдөл дамжуулах үйл явц юм. Үүнийг цахим худалдаа, интернет худалдаа, e-commerce гэж нэрлэдэг.

          Энэхүү салбарын цар хүрээ нь өсөн нэмэгдэх тусам эрсдэл даган нэмэгдэж байгаа учир цахим худалдаа хийх үедээ анхаарууштай зарим мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.

1.Бүтээгдэхүүний гадаад үзэмжид хууртах

          Цахим худалдааны бараа бүтээгдэхүүн дэлгэцэнд маш цэвэрхэн, өө сэвгүй харагдаж, хүний харцыг ихэд булаадаг. Тиймээс худалдан авагчид өөрт хэрэгцээтэй эсэхээс үл шалтгаалан захиалах үзэгдэл маш их тохиолддог. Гэвч худалдан авагчдын анхаарлыг татаж, тухайн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд түүний ард зураг авалтын бүтэн баг ажиллан, дизайн зохиомжийг нь төлөвлөж, өнгө дүрсийг нь сэргээн, хэрэглэгчдэд хамгийн гоё сайхнаар харагдуулах боломжит бүх хувилбарыг ашигласан байдаг.

2.Цахим орчны сурталчилгаанд хэт автах

          Сүүлийн үед Social influencers буюу сошиал нөлөөлөгчид цахим хуудсаараа дамжуулан маркетинг хийх нь элбэг болсон. Олны танил хэн нэгэн аливаа брендийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тухайгаа хуваалцахад л охид, эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж, худалдан авалтад нөлөөлдөг.  Гэвч influencers захиалагч байгууллагаасаа цалин авч, тухайн бүтээгдэхүүнүүдийг борлуулахын тулд ажиллаж байгаа гэдгийг санаарай. Та бүхэнд цахимаар харуулсан бүтээгдэхүүн бодит байдлаас зөрүүтэй ч байж болох юм.
 

 

 

 

3.Цахим хуудас болон пэйж хуудсыг шалгаж, нягтлах

          Цахим худалдаатай холбоотой гэмт хэрэг гарах нь цөөнгүй байгаа учраас худалдан авалт хийх гэж буй цахим хуудас (website)-аа мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, найдвартай эсэхийг сайтар нягтлаарай. Сүүлийн үед бусдын нэрийг барьж, хуурамч хаяг нээн хэрэглэгчдийг хуурах тохиолдол элбэг болсон. Тиймээс худалдан авалтаа баталгаажуулахаас өмнө тухайн цахим хуудсын талаарх мэдээллийг цуглуулах нь кибер гэмт хэргээс сэргийлэх эхний алхам юм шүү.

4.Төлбөрийн аюулгүй байдлаа хянах

          Цахим хуудасны найдвартай байдлыг шалгахаас гадна төлбөр, тооцооны аюулгүй байдалд анхаарах нь зүйтэй юм. Хэрэглэгчид худалдан авалт хийх бүрдээ өөрсдийн картын мэдээллийг оруулах нь тийм ч тохиромжтой үйлдэл биш. Учир нь, худалдан авалт хийсэн онлайн дэлгүүрт таны картын мэдээлэл хадгалагдсан байдаг. Түүнээс гадна аливаа асуудал үүссэн тохиолдолд мөнгөө буцааж нэхэмжлэх эсвэл төлбөрийн баримтаа авахад хүндрэл үүсэх эрсдэлээс сэргийлж, урьдчилан лавлаж асуухаа мартуузай.
 

 

 

5.Хүргэлтийн үйлчилгээнд анхаарах

          Цахим худалдааны гол онцлог нь хэрэглэгч дэлхийн хаанаас ч, хэзээ ч бараа бүтээгдэхүүнээ захиалан авах боломжтой. Энэ нь маш том давуу тал боловч бид хүргэлтийн үйлчилгээг зайлшгүй харгалзан судлах шаардлагатай. Ихэнх онлайн дэлгүүрүүд бараагаа тодорхой хугацааны дараа таны гарт хүргэж өгдөг. Ингэхдээ буруу хаягаар очих, замдаа төөрөх, хугацаанаасаа хожимдох зэрэг олон эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс хэрэглэгч захиалсан барааныхаа хүргэлтийн үйл явц, аюулгүй байдалд санаа тавьж, хаяг болон хугацаагаа сайтар нягтлаарай.

 

 

6.Буцааж болох эсэхийг урьдчилж тодруулах

          Та худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд хэнд, хэрхэн хандах, нэмэлт шимтгэл төлөх эсэхээ урьдчилж мэдэх нь чухал юм шүү. Зарим тохиолдолд аливаа бараа хүргэлт болон буцаалтын явцад замдаа эвдэрч, гэмтэх нь ч бий. Тиймээс нөхөн төлбөр болон буцаах тээвэрлэлтийн зардлын талаар нарийвчлан судлаарай.

7.Хэрэглэгчийн сэтгэгдлийг унших

          Худалдан авагчид хамгийн найдвартай, найрсаг харилцаатай, баталгаатай онлайн дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсэх нь тодорхой. Тиймээс хэд хэдэн цахим хуудасны үйлчилгээг харьцуулан судалсны эцэст сонголтоо хийх нь зүйтэй. Юун түрүүнд өмнөх хэрэглэгчдийн сэтгэгдлийг унших нь хамгийн эхний чухал алхам юм. Ингэхдээ тухайн сэтгэгдлүүд жинхэнэ, хуурамч эсэхийг нягталж, ямар хаягаас юу бичсэн байгааг орж хараарай. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж нь онлайн дэлгүүрийн маркетингийн чухал хэсэг юм шүү.

 

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Бусад мэдээлэл

Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын баярын хурал боллоо.
Тусгай дугаарын эзэмшигчдийн гэрээний хэрэгжилтийн байдал
Тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл /2021.09.01-ний байдлаар/
ВЕБСАЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.08.02-2021.09.01 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбооны 27 дугаар Их хурал анх удаа цахимаар амжилттай болж өндөрлөлөө
ТООН КОНТЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ1
Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээ, бүртгэлийн журам (нэмэлт өөрчлөлтийн төсөл)
ХХЗХ - Радиогийн үйлчилгээний зах зээлийн хүртээмж, үйлчилгээний нөхцөл байдал
Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягт