Шинэчлэгдсэн: 2021/05/10


Т.БАТБОЛД: Сонгуулийн сурталчилгаа нь хадмал тайлбар, дохионы хэлний орчуулгатай эсэхийг хянана


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдтой ярилцлаа.  

-Цахим орчинд улс төрийн зорилготой санал асуулга, аливаа хэлбэрийн шалгаруулалт явуулсан талаарх дүгнэлтийг ШӨХТГ-аас ХХЗХ-нд хүргүүлсэн. Үүний мөрөөр ХХЗХ хэрхэн ажиллаж байна вэ.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43.1.8-д заасны дагуу цахим орчинд улс төрчийн чансаа тогтоох аливаа хэлбэрийн санал асуулга явуулахыг хориглосон байдаг. Үүнийг тухайн сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлдэг. Хуулийн дагуу дээрх заалтын хэрэгжилтэд хяналт тавих байгууллага нь ШӨХТГ. Тус газрын улсын байцаагчаас үүнтэй холбоотой албан дүгнэлт ирүүлдэг. Үүний дагуу ХХЗХ нь Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журамд заасанчлан хоёр шаталсан арга хэмжээг авдаг юм. Нэгдүгээрт, тухайн хууль зөрчсөн вебсайт болон олон нийтийн сүлжээний хуудас эзэмшигчид зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг хүргүүлдэг. Хэрэв заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол интернэтийн үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан технологийн арга хэмжээ авдаг. Хэрэв Фэйсбүүкт ийм хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол уг зөрчлийг арилгах хүсэлтийг “Фэйсбүүк” компанид хүргүүлнэ. Уг үйлдэл нь хууль зөрчсөн, эсэхийг тус компаниас шалган, холбогдох арга хэмжээг авч, хариу ирүүлдэг байгаа. Энэ нь олон улсад, ялангуяа ардчилсан улс орнуудад жишиг болсон үйл ажиллагаа. ШӨХТГ-аас одоогоор хоёр дүгнэлт ирүүлсэн. Үүнд дээр дурдсаны дагуу хууль, журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.                   

-Радио, телевизээр сурталчилгаа явуулахад танай байгуулллага хэрхэн хяналт тавих вэ. Олон нийтийн радио, телевизээр сурталчилгаа явуулах хуваарийг батлах, сурталчилгаа явуулах радио, телевизийг бүртгэхтэй холбоотой зохицуулалт хуульд тусгасан.      

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41, 43.7, 43.8 дахь хэсэг, мөн Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 32 дугаар тогтоолоор баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр радио, телевизээр сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасан чиг үүргийн хүрээнд ХХЗХ радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллана. Энэ чиглэлийн зөрчил гаргахгүй байхад шаардлагатай арга хэмжээг зохион байгуулдаг гэсэн үг.       

ХХЗХ-ноос 67 радио, 157 телевизэд тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Эдгээрээр сурталчилгаа нэвтрүүлсэн, эсэхээс үл хамааран Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан дараах үндсэн үзүүлэлтээр байнгын хяналт, мониторинг хийж, тайлан мэдээ гаргана. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааг эрх бүхий радио, телевизээр нэвтрүүлж байгаа, хуульд заасан хугацаанд эхлүүлж, дуусгасан, улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэгт нийт нэр дэвшигч оролцсон, эсэхэд хяналт тавих юм. Мөн нэг нам, эвслээс  нэр дэвшигчийн сурталчилгаа хоногт 15, тэдний талаарх мэдээг хоногт таван минутаас хэтрүүлсэн, эсэхийг хянана. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш санал авах ажиллагаа дуустал нэр дэвшигч оролцсон, сурталчилгааны бус нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлага, сурталчилгаа эхлэхээс өмнө хийсэн, нэр дэвшигч оролцсон аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлсэн, эсэхэд мониторинг хийх юм. Үүнээс гадна радио, телевизүүдээр сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэн хүргэж байгаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай, эсэхийг хянаж, тайлагнана.           

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, журмын дагуу хүүхэд, теле худалдааны төрөлжсөн болон төлбөртэй телевизээс бусад радио, телевизийн үндсэн сувгийн жагсаалтыг эзэмшигчийнх нь мэдээллийн хамт цахим хуудастаа байршуулсан. Уг жагсаалтад багтсан радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ХХЗХ-нд ирэх сарын 7-ны дотор ирүүлэх эрхтэй юм. Ингэхдээ сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар төлөвлөсөн хөтөлбөрийн цагийн хуваарь, радио, телевизийн 2020 оны аравдугаар сарын 16-наас хойш хийсэн,  хоёроос доошгүй зар сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ, сурталчилгаа нэвтрүүлэх үнийн санал зэргийг мэдэгдэлдээ багтаах ёстой. Хуульд заасан хугацаанд мэдэгдэл ирүүлж, бүртгүүлсэн радио, телевиз л сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй.   

-Сонгуулийн үеэр хууль бус сурталчилгаа явуулж буй, эсэхэд хяналт тавьдаг олон байгууллага бий. Танай байгууллага яг ямар төрлийн хууль бус сурталчилгаанд нь хяналт тавих вэ. Үүнд ямар арга хэмжээ авах юм бол?    

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43.8-д заасны дагуу нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сурталчилгааны бус радио, телевизийн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглосон. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийсэн, нэр дэвшигч оролцсон аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг радио, телевизээр нэвтрүүлэхийг хориглосон заалттай.  Үүнд манайх хяналт тавина. Хэрэв үүнийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 17.1.20-т заасны дагуу хуулийн этгээдийг 200 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200 сая төгрөгөөр торгохоор заасан. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43.8-д заасныг зөрчсөн радио, телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авахаар тусгасан.      

-Нэр дэвшигчдийн өөрийн болон нам, эвслийн цахим хуудас, олон нийтийн сүлжээний нэг хуудас, бусад цахим хуудсыг бүртгүүлж, сурталчилгаа явуулах юм байна. Цахим хаяг, хуудас, бусад хуудас гэдэгт юуг багтааж байгаа вэ. Нэр дэвшигчид эдгээр хуудсаа хэзээ бүртгүүлэх вэ?  

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42.1.1, 42.1.2-д заасны дагуу сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигч нь сурталчилгаанд вебсайт болон цахим орчны олон нийтийн сүлжээний хуудас тус бүр нэгийг үнэмлэхээ гардаж авснаас хойш гурав хоногийн дотор ХХЗХ-нд бүртгүүлнэ. Бусад цахим хуудас гэдэгт нэр дэвшигч, нам эвсэлтэй хамтран ажиллаж, сонгуулийн сурталчилгаа явуулах бүх төрлийн вебсайтууд, мөн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хуудсуудыг багтаана. Эдгээрийг хуулийн 42.5-д заасны дагуу ХХЗХ-нд бүртгүүлснээр сонгуулийн сурталчилгаа явуулах боломжтой. Үүнийг цахимаар бүртгүүлэх боломжтой бөгөөд www.crc.gov.mn хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

-Бүртгэлгүй цахим хуудас, хаягнаас сурталчилгаа явуулсан бол хууль бус ойлгож болох уу?    

-Бүртгэлгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах нь одоогийн хууль тогтоомжийн дагуу хууль зөрчсөн үйлдэл болно. Гэхдээ хувь хүмүүс өөрийн хувийн хаягнаас үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Үзэл бодлоо илэрхийлэх болон зар сурталчилгаа явуулах нь хоёр өөр ойлголт юм.    

-Танайх Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа. Хууль бус сурталчилгаа явуулсан хаягийг хэдий хугацаанд хязгаарлах, устгах боломжтой вэ?

-ХХЗХ нь 2019 оны аравдугаар сараас тус компанитай хамтран ажиллах сувгийг нээн ажиллуулж эхэлсэн. 2020 оны УИХ, мөн орон нутгийн сонгуулийн хугацаанд хамтран ажиллалаа. Манайхаас УИХ-ын сонгуулийн хугацаанд хүргүүлсэн хүсэлтийн 43, орон нутгийн сонгуулийн үеэр өгсөн хүсэлтийн 60 хувийг тус компанийн хуулийн баг шийдвэрлэсэн. Ингэхдээ нийт хүсэлтийн 90 орчим хувийг 1-7 хоногийн хугацаанд шийдсэн байдаг.  Тэгэхээр бидний явуулсан хүсэлт бүрийг шийдвэрлэхгүй буюу уг хүсэлт нь Монгол Улсын хууль зөрчсөн, эсэхийг “Фэйсбүүк”-ийн хуулийн баг шалгаж, арга хэмжээ авдаг гэсэн үг. Ерөнхийлөгийн сонгуулийн хугацаанд хамтран ажиллахаар яриа хэлцэл, цахим уулзалтуудыг хийж байна.        

-Сонгуулийн үеэр Цагдаагийн ерөнхий газартай танайх хэрхэн хамтран ажиллах вэ?

-ЦЕГ нь цахим орчин дахь контентыг хууль зөрчсөн, эсэхийг тогтоодог. Ингээд тухайн хууль зөрчсөн хаяг, контентыг хязгаарлах хүсэлтийг ХХЗХ-нд ирүүлдэг юм. Цахим орчны онцлогоос хамаарч холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа хурдан шуурхай байх шаардлагатай. Тиймээс ХХЗХ-ноос албан бичиг солилцох систем бий болгон, ашиглаж эхэлсэн. Ингэснээр цахим гарын үсэг ашиглан, албан бичгүүдийг түргэн шуурхай солилцож, арга хэмжээг аль болох хурдан авах боломж бүрдсэн. Бид ЦЕГ, бусад төрийн холбогдох байгууллагатай байнгын нягт холбоотой хамтран ажиллаж байгаа.  

  

-Сонгуулийн үеэр цахим орчинд хууль бус сурталчилгаа явуулах нь буурч байна уу. Цахим орчны сурталчилгаанд сайтар хяналт тавихад хүндрэлтэй зүйл юу байна вэ?            

-Сонгуулийн хугацаанд цахим орчинд тодорхой хяналт тавьдаг болсноор эерэг зүйлүүд ажиглагдаж байна. Хууль бус зар сурталчилгаа, мэдээллийг тодорхой түвшинд хязгаарлах технологийн боломж бүрдсэн. Ялангуяа мэдээ мэдээллийн вебсайтууд хуулийг маш сайн хэрэгжүүлдэг. Мэдээж цахим орчинд 100 хувь хяналт тавих хууль, эрх зүйн болон технологийн ямар ч боломжгүй. Одоогийн хууль тогтоомжийн хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагууд нь гомдлын дагуу хууль зөрчсөн контентыг шалгадаг. Энэ бол ардчилсан улс орны хувьд зүйтэй тогтолцоо юм. ХХЗХ нь аливаа төрлийн контентыг хууль зөрчсөн, эсэхийг тогтоодог байгууллага биш. Гагцхүү эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийн дагуу технологийн арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг.      

                                                                                                                                                                                                                   Ярилцлага хийсэн: Өнөөдөр сонины сэтгүүлч Б.Уянга

Бусад мэдээлэл

Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.10.01-2021.10.29 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
“Харилцаа холбооны сүлжээний дугаарыг хуваарилах, олгох ашиглах журам”-ын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2019 оны жилийн эцсийн тайлангийн ном
Б.Болдбаатар, Б.Балгансүрэн нарыг ХХЗХ-ны "ХҮНДЭТ ДЭВТЭР" -т бичиж алдаршууллаа
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралт
“Дижитал үйлчилгээ болон апп эдийн засгийн өнөөгийн байдал, зохицуулалтын орчны талаарх”- цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Анхааруулга
“Хаягжуулалт, шуудангийн нэгдсэн кодын хэрэглээ” ​цахим сургалт зохион байгуулагдлаа
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД