Шинэчлэгдсэн: 2021/04/06


ҮНДСЭН БАГЦЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ


Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдаж, 2020 оны 7-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсанаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болох радио, телевизүүд, тэдгээрийг дамжуулдаг олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч (IPTV, KaTV гэх мэт)-тэй холбоотой онцлог зохицуулалтууд хэрэгжиж эхлээд байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд “үндсэн багц”-ыг (4.1.19-д) тодорхойлсон бөгөөд энэ нь олон суваг дамжуулах үйлчилгээнээс хэрэглэгч худалдан авч болох анхдагч, хамгийн бага үнэтэй багц гэж тодорхойлсон байдаг.

Түүнчлэн Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр үндэсний соёл, уламжлалын дархлааг хамгаалах, үндэсний бүтээлийг хөгжүүлэх, өргөн нэвтрүүлгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, нийтийн эрх ашиг, түүн дотроо хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр  бэлтгэн нэвтрүүлж байгаа хөтөлбөр болон дамжуулж байгаа сувгууд, үйлчилгээндээ тодорхой үүрэг хариуцлага хүлээх юм.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний Үндсэн багцтай холбоотой үндсэн 2 зохицуулалт туссан.

Нэгдүгээрт: Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасны дагуу Үндсэн багцад үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тавих шаардлагыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журмаар тодорхойлж, хянах, үндсэн багцад олон нийтийн телевиз болон өргөн нэвтрүүлгийн телевизүүд багтаах, тэдгээр нь багцын эхэнд байрлана гэдгийг хуульд тодорхой заасан. Үүний дагуу Зохицуулах хорооноос “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-ыг боловсруулж, холбогдох талуудын дунд хэлэлцүүлэн баталсан бөгөөд 2020 оны 11-р сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулинд заасан түүх, хэл, соёлын, уламжлал, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, үндэсний бүтээлийг дэмжин хөгжүүлэх зарчмуудыг үндэслэл болгон үндсэн багц дахь гадаад сувгийн тоо нийт сувгийн 50 хувиас хэтрэхгүй байх, түүнийг үе шаттайгаар 30 хувь хүртэл (2023 он хүртэл) бууруулах, үндсэн багц дахь гадаадын аль нэг улсын суваг нийт гадаад сувгийн 30 хувиас хэтрэхгүй байх шаардлагуудыг журамд тусгасан. Мөн насанд хүрэгчдэд зориулсан болон төлбөртэй сувгийг үндсэн багцад оруулахгүй байх, гадаад дотоодын төлбөртэй суваг оруулж, үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх үүрэг мөн хүлээж байгаа юм.

Хоёрдугаарт: Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд (20.5.3) олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь өөрийн үйлчилгээний “үндсэн багц”-ыг хууль, журамд нийцүүлэх, өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй  Хөтөлбөрөөр дамжуулах гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хүрээнд олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үндсэн багцын төлбөрөөс хуульд заасан “өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс”-ийг Монголын телевизүүдийн холбоонд төлөх үүрэг хүлээж байгаа болно.

Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид Монголын телевизүүдийн холбоотой хөтөлбөр дамжуулах гэрээ байгуулан, телевизүүдийн бэлтгэн нэвтрүүлж байгаа хөтөлбөрийг өөрийн сүлжээгээр дамжуулан хэрэглэгчиддээ хүргэдэг.

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль шинээр батлагдаж, шинэ зохицуулалтууд хэрэгжсэнээр оюуны өмчийг дээдлэн телевизүүд  өөрийн бүтээсэн болон зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй бүтээлийг бэлтгэн нэвтрүүлэх, нөгөө талд олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид телевизүүдийн хөтөлбөрийг “Хөтөлбөр дамжуулах гэрээ”-ний үндсэн дээр дамжуулах, өөрийн үйлчилгээний “үндсэн багц”-аас өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээнд оногдох хөлсийг хуульд заасан хувь хэмжээг Монголын телевизүүдийн холбоонд төлөх үүргийг хүлээж байгаа болно.

Өргөн нэвтрүүлгийн телевизүүд ч  Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон хөтөлбөрт тавих шаардлагын дагуу хөтөлбөртөө илүү үүрэг хүлээж, үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэг, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн түгээх хүлээж байгаа болно.

Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журмыг баталснаас хойш олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид үндсэн багцаа шинэчлэн тодорхойлох, Зохицуулах хороонд үндсэн багцад тавигдах шаардлагаа хянуулах, Монголын телевизүүдийн холбоотой хэлэлцээр хийх, хөтөлбөр дамжуулах гэрээ байгуулах ажлуудыг зохион байгуулан ажиллалаа.

Хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх явцад олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн багц дахь зарим сувгийн дараалал өөрчлөгдөх, зарим гадаад суваг хасагдах, үнэ тариф өөрчлөгдөх зэрэг өөрчлөлтүүд хийгдэж, 2021 оны 03 дугаар сарын 01-ээс эхлэн үйлчилгээндээ өөрчлөлт оруулж эхлээд байна.

Зохицуулах хорооны зүгээс олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд үйлчилгээнд орж байгаа өөрчлөлтийн талаар хэрэглэгчид зохих мэдээллийг өгөх, санал, гомдлыг шуурхай хүлээн авч шийдвэрлэх талаар холбогдох зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Үндсэн багцын эхэнд байрлах олон нийтийн болон өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн жагсаалт: Эдгээр телевизүүд дарааллын хувьд үйлчилгээ эрхлэгч бүр дээр өөр өөр байж болно.

Орон нутгийн өргөн нэвтрүүлгийн телевизүүд  орон нутгийн мэдээ, мэдээллийг бэлтгэн хүргэдэг гол хэрэгсэл болохын хувьд энэ талаар үүрэг хүлээж мөн олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцад багтана.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилт, хуулийн хүрээнд хийгдэж байгаа зохицуулалт, батлагдан гарсан журам, нөхцөл, шаардлагуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудас www.crc.gov.mn -аас танилцах боломжтой.

Бусад мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн жагсаалт
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа
Т.БАТБОЛД: Сонгуулийн сурталчилгаа нь хадмал тайлбар, дохионы хэлний орчуулгатай эсэхийг хянана
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих тухай” онлайн сургалт
“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ” цахим хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын телевизүүдэд зориулан зохион байгууллаа
Орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын урилга
ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийн маягт
Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудасны бүртгэлийн маягт
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү