Шинэчлэгдсэн: 2019/10/02


Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам шинэчлэгдэн батлагдлаа


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 8 дугаар сарын хуралдаанаар “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-ыг шинэчлэх асуудлыг хэлэлцэн, хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу тус журмыг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 29 тоот тогтоолоор шинэчлэн баталлаа.

Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3. “Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичиг, журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих”, Радио долгионы тухай хуулийн 20.3 “Зохицуулах хороо нь олон улсын стандартын дагуу баталгаажуулалт хийх ба баталгаажуулалтын лабораторитой байж болно”, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14.3 “Тохирлын гэрчилгээг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага олгоно” гэж заасны дагуу Монгол улсын зах зээлд нэвтэрсэн болон нийлүүлэгдэх харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгодог.

Баталгаажуулалтын зорилго нь:

  • Тухайн бүтээгдэхүүн нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын талаар холбогдох норматив техникийн баримт бичигт тогтоосон шаардлагыг бүрэн хангасныг үнэн зөв нотлох;
  • Хэрэглэгчид зөв сонголт хийх боломж олгох, зах зээлд хуурамч болон стандарт шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүн орж ирэхээс хамгаалах;
  • Монгол улсын холбогдох хууль, тогтоомж шийдвэрийг хэрэгжүүлэхэд оршино.

Тус баримт бичгийг бүтээгдэхүүний баталгаажуулалтын чиглэлээр Олон улсын стандартчиллын байгууллага, Олон улсын цахилгаан техникийн комисс болон загварын туршилтын талаар Олон улсын хууль эрхийн хэмжил зүйн байгууллагаас боловсруулсан стандарт, арга зүйн удирдамжуудад нийцүүлэн боловсруулсан ба мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах ерөнхий харилцааг тогтооно. Журмын хамрах хүрээнд:

  • Заавал баталгаажуулалт
  • Сайн дурын баталгаажуулалт гэсэн 2 төрлийн баталгаажуулалтын үйл ажиллагаа зохицуулагдана.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан радио ба харилцаа холбооны тоног төхөөрөмжүүд нь заавал баталгаажуулалтад хамрагдана /уг журмын хавсралт 11-ийг үзэх/.

Тус жагсаалтад хамрагдаагүй үйлдвэрлэлийн болон гэр ахуйн зориулалттай цахилгаан тоног төхөөрөмжүүдийг сайн дурын баталгаажуулалтад хамруулж болно.

“Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам” нь:

  1. Ерөнхий зүйл
  2. Зорилго
  3. Норматив ишлэл
  4. Баталгаажуулах үйл ажиллагаа
  5. Хүсэлт гаргах
  6. Тохирлын үнэлгээ
  7. Шийдвэр гаргах
  8. Тохирлын гэрчилгээ олгох, бүртгэх
  9. Магадлах хяналт
  10. Гэрчилгээ сунгах
  11. Гэрчилгээг хүчингүй болгох
  12. Сайн дурын баталгаажуулалт
  13. Баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох
  14. Олон нийтэд мэдээлэх
  15. Хяналт

Хавсралт 1. Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах үйл ажиллагаа

Хавсралт 2. Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулах схем

Хавсралт 3. Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын өргөдөл

Хавсралт 4. Өргөдөл гаргах албан хүсэлтийн загвар

Хавсралт 5. Өргөдөл гаргах албан хүсэлтийн загвар /өргөдөл гаргагч нь хувь хүн бол ашиглах загвар/

Хавсралт 6. Нийлүүлэгчийн мэдэгдлийн загвар

Хавсралт 7. Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээний загвар

Хавсралт 8. Тохирлын гэрчилгээний загвар

Хавсралт 9. Харилцаа холбооны зохицуулах хорооны баталгаажуулалтын үйл явцад оролцох ажилтны амлалтын гэрээний загвар

Хавсралт 10. Баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгосон тоног төхөөрөмжийн бүртгэл

Хавсралт 11. Радио ба харилцаа холбооны заавал баталгаажуулалтад хамрагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, мөрдөх стандартууд гэсэн хэсгүүдээс бүрдсэн болно.

Энэхүү журам нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4467 дугаарт бүртгэгдсэн ба http://crc.gov.mn/k/2YL холбоосоор орж танилцах боломжтой.

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт