Шинэчлэгдсэн: 2015/12/31


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 13 дугаар хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 13 дугаар хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болов. Тус ээлжит хуралдаанаар нэр бүхий 18 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 6 тогтоолыг батлан гаргалаа. Хэлэлцсэн зарим асуудлаар хорооны хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг, чиглэлийг холбогдох албадад өгсөн болно.

Хуралдаанаар “Харилцаа холбооны салбарын үйлчилгээний тарифыг хянах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэн. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4 ба 3.3 заалтыг тус тус үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 63 тоот тогтоолын хавсралтаар тус журам нэмэлт, өөрчлөлтийг батлан шийдвэрлэв. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нэр бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судлан тусгаж, давамгай байдалтай үйлчилгээ эрхлэгч болон шинээр үйлчилгээ эрхлэгчийн үнэ тарифаас гадна зүй ёсны монополь аж ахуйн нэгжийн үнэ тарифид зохицуулалт хийх бололцоог бүрдүүлж байна.

Тус хорооны 2015 оны 27 тоот тогтоолоор “Монгол Улсад үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох” сонгон шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Хорооны даргын 2015 оны А/163 тоот тушаалаар байгуулагдсан  “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт”-ын Үнэлгээний хорооны дүгнэлт, саналыг хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 10.1.1, “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.2, Үнэлгээний хорооны санал, дүгнэлтийг тус тус үндэслэн  хорооны хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг хуралдаанаас гаргасан бөгөөд “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт”-д Юпланэт ХХК шалгарсан болно.

Тус хуралдаанаар 2013 оны 24 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт радио сонирхогчийн эрхийн бичиг олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйлийг тус тус үндэслэн  “Монгол Улсын нутаг дэвсгэрт сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох журам”-ыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 65 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн батлав. Журмыг шинэчлэн баталснаар “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн журам”-тай уялдуулах, материал хүлээн авах маягт, мэдээ тайланг авах болон холбогдох заалтыг тодорхой болгож, радио сонирхогчдоос ирүүлсэн ба хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг тусгасан болно. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2013 оны 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгов.

Монгол Улсын “Радио долгионы тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь хэсэг, Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 тоот тушаал, холбогдох тогтоолын заалтыг тус тус үндэслэн хорооны хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 66 тоот тогтоолын хавсралтаар “Монгол Улсад хөдөлгөөнт холбооны 3 дахь үеийн системийг нэвтрүүлэх давтамжийн зурвасын төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлав. Энэхүү тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээнд нэмж тусган мөрдүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Хорооны хуралдааны  “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, хүчингүй болгох тухай” 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 67 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 15 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, , Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 9 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 23 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээхээр тус тус шийдвэрлэв.

Хорооны хуралдаанаар “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн төслийг авч хэлэлцээд, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын даргын 2015 оны 10 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг тус тус үндэслэн “Зохицуулалтын чиглэл батлах тухай” 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 тоот тогтоолыг батлав.  Энэхүү зохицуулалтын чиглэлийг баталснаар ОУЦХБ-ын зөвлөмжийн хүрээнд Монгол Улсад ДҮХХ-ны системийг /Дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем гэдэгт: IMT-Advanced (4G) (үүнд LTE/LTE-Advance[1] орно) болон ОУЦХБ-ын "IMT for 2020 & beyond" сэдвийн хүрээнд судлагдаж байгаа хөдөлгөөнт холбооны систем-5G хамруулах/ нэвтрүүлэхэд үйлчилгээ эрхлэгчид болон техник, технологид тавигдах ерөнхий нөхцөл шаардлага; радио давтамж ашиглах болон мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох; ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт ба зохицуулалт; радио давтамж ашиглах, үйлчилгээ эрхлэх эрхийн төлбөр, үйлчилгээний хамрах хүрээний талаар зохицуулалтыг хийх орчин бүрдэж байна.

Тус хуралдаанд ажлын албадаас ОУЦХБ-ын стандарт, зөвлөмжийг үндэслэн боловсруулсан “Ижил давтамжийн зурваст ажиллах хиймэл дагуулын хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ болон радио релейний системүүдийн харилцан нөлөөлөлгүй ажиллагааны зөвлөмж”, “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн радио давтамж хамтран ашиглах ба харилцан нөлөөллөөс сэргийлэх характеристикийг тодорхойлох зөвлөмж”, “Радио давтамжийг хамтран ашиглах радио үйлчилгээнүүдийн хоорондын хамгаалалтын харьцааг тодорхойлох зөвлөмж”, “Гамшгийн болон онцгой байдлын үед ашиглах утасгүй суурин системд тавигдах шаардлагын зөвлөмж”, “Радио долгионы хяналтын станцаар ФМ радио өргөн нэвтрүүлгийн давтамжийн хамгийн их хазайлтийг хэмжих аргачлал зөвлөмж”,  “Нэгдсэн өргөн зурвасын өргөн нэвтрүүлгийн системд тавигдах техникийн нөхцөл, шаардлага”, “Радио долгионы хяналтын станцаар зурвасын өргөнийг хэмжих аргачлал зөвлөмж”, “Радио өргөн нэвтрүүлэг (87-108 МГц) болон агаарын хөдөлгөөнт үйлчилгээний (108-137 МГц) хоорондох радио давтамжийн зохицоог тодорхойлох зөвлөмж”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хуралдааны Тэмдэглэлээр техникийн нөхцөл шаардлага, зөвлөмжүүдийг тусгай зөвшөөрөл эзэзмшигч, үйлчилгээ эрхлэгч нар даган мөрдөх, радио долгион зохицуулалт, хяналтын үйл ажиллагаанд мөрдөх чиглэлээр ангилан хорооны хуралдаанд дахин хэлэлцүүлэхийг холбогдох албанд даалгав.

Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас боловсруулсан “Телевизийн олон сувгийг олон цэгт түгээх үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар танилцуулга”-ыг хорооны хуралдаанаар хэлэлцээд, уг тусгай зөвшөөрлийн талаар МТШХХГ-тай хамтран ажиллах, тус үйлчилгээний талаар цаашид авах арга хэмжээний тухай хуралдааны Тэмдэглэл гаргахаар шийдвэрлэв.

Тус хуралдаанаар “Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан, хүчин төгөлдөр мөрдөж буй зохицуулалтын баримт бичгүүдэд хийсэн дүн шинжилгээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал”-ыг хэлэлцэв. Хуралдаанаас тус хорооноос боловсруулж байгаа баримт бичгийг ангилалд оруулах, хамрах хүрээ, нэршилийг тус тус судлан саналаа танилцуулахыг хуралдааны Тэмдэглэлээр үүрэг болголоо. 

 

Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү

 
  1. LTE (A) – Long Term Evaluation (Advanced)

 

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай