Үндэсний радио давтамжийн хуваарилалт, зохицуулалт нь Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ), Дэлхийн радио холбооны их хурлын шийдвэр, олон улсын болон үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг үндэслэн хийгддэг. Эдгээр радио давтамжийн хуваарилалт, зохицуулалт, техникийн нөхцөл шаардлагын баримт бичгийг боловсруулахдаа радио холбооны үйлчилгээ, түүний хэрэглээний талаар Олон улсын чиг хандлага, техник технологийн хөгжил болон ОУЦХБ-ын зөвлөмжийн дагуу судалгаа, шинжилгээ хийж салбарын мэргэжилтэн, үйлчилгээ эрхлэгчдийн дунд санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр боловсруулагдан Зохицуулах хороогоор батлагддаг болно.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах төрлийн баримт бичгүүдийг боловсруулан, батлуулж нийтэд мөрдүүлж байна.
Радио давтамжийн зохицуулалтын чиглэлээр тус хорооноос батлагдсан зохицуулалтын баримт бичигтэй дараах линкээр орж танилцана уу.
Радио, телевизийн газрын сүлжээний давтамжийн төлөвлөлт, олон улсын гэрээ:
Радио өргөн нэвтрүүлгийн долгион тархалтын хүрээ нь зориулагдсан газар нутгийг бүрэн хамарсан байх ба ажиллах давтамжийн зурвасыг сонгохдоо долгион тархалтын шинж төлөв, газрын гадаргуйн байдал болон бусад хүчин зүйлүүдээс хамааруулан янз бүрээр сонгодог. Монгол улс нь олон улсын 1-р бүсэд хамрагдаж, түүний давтамжийн зурвасын хуваарийг даган баримтладаг. Үүнд:
Стокгольмын гэрээ (1961 он.) (ST61)
"Хэт богино долгион (ХБД)/Ультра хэт богино долгионы (УХБД) цараанд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд ашиглах давтамжтай холбоотой Европын өргөн нэвтрүүлэгт зориулсан бүс нутгийн гэрээ", Хэт богино долгион (ХБД)/Ультра хэт богино долгионы (УХБД) царааны радио өргөн нэвтрүүлгийг хэлэлцсэн Европын хурал (Стокгольм, 1961 он).
Женевийн гэрээ (1975 он.) (GE75)
"1-р бүсэд урт долгионы (УД) болон 1 ба 3 бүсэд дунд долгионы (ДД) цараанд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд ашиглах давтамжийн холбоотой бүс нутгийн төлөвлөлтийн гэрээ”, радио өргөн нэвтрүүлгийн төлөвлөлтийг хэлэлцсэн бүсийн удирдлагын хурал (Женев, 1975 он).
Женевийн гэрээ (1984 он.) (GE84)
"1-р бүсэд ба 3-р бүсэд хэт богино долгионы 87.5-108 МГц царааг дууны өргөн нэвтрүүлгийн FM үйлчилгээнд ашиглах төлөвлөлтийн гэрээ”, дууны өргөн нэвтрүүлгийн төлөвлөлтийг хэлэлцсэн бүсийн удирдлагын хурал (Женев, 1984 он).
Женевийн гэрээ (2006 он.) (GE06)
"1-р ба 3-р бүсэд 174-230 МГц, 470-862 МГц цараанд хэт богино долгион (ХБД)/ультра хэт богино долгионы (УХБД) аналоги ба тоон телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний төлөвлөлтийн гэрээ”, Хэт богино долгион (ХБД)/Ультра хэт богино долгионы (УХБД) царааны анилоги ба тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн төлөвлөлтийг хэлэлцсэн бүсийн удирдлагын хурал (Женев, 2006 он.).
Монгол Улсын радио, телевизийн газрын сүлжээний төлөвлөлт:
Радио долгионы тухай хууль 1999 онд Улсын их хурлаар батлагдаж, тус хуулийн 5.2.1-д Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулллага нь радио давтамжийн зурвасын ашиглалтын талаархи төрийн бодлогыг боловсруулахаар заасан байдаг. Үүнийг үндэслэн "Монгол улсын үндэсний радио давтамжийн хуваарийн хүснэгт"-ийг Дэд бүтцийн сайдын 2003 оны 303 тоот тушаалаар баталж, 2004 онд шинэчлэн баталсан. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио, телевизийн газрын сүлжээг тоон технологид шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд олон улсын стандарт, систем, шилжилтийн үеийн бодлогыг судалж холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргаж байсан байна. Үүнд:
Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 тоот тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан ба Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоолын хэрэгжүүлэх зорилгоор 2011 оны “Монгол улсад газрын тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээнд ашиглах давтамжийн зурвасын хуваарилалт батлах тухай” 43 тоот, “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт /төлөвлөгөө/-д нэмэлт оруулах тухай” 44 тоот тогтоолуудаар Монгол улсад газрын тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээнд ашиглах давтамжийн зурвас, стандартыг нарийвчлан тодорхойлсон байна.