Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 4 дүгээр хуралдаан 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр болов.

Энэхүү ээлжит хуралдаанаар “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага (Телефон ярианы үйлчилгээ)”-ын төслийн тухай; “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага (Интернэтийн үйлчилгээ)”-ын төслийн тухай; “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага (Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ)”-ын төслийн тухай; Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (2018 оны 23 тоот тогтоол: Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага); Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (2019 оны 15 тоот тогтоол: Орон нутагт хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт); Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (2019 оны 54 тоот тогтоол: 2 дугаар заалтад оруулах); Тогтоол хүчингүй болгох тухай; Тусгай зөвшөөрлийн тухай (тусгай зөвшөөрөл шинээр олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, сунгах, хүчингүй болгох асуудал); Бусад: “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага”-ын эцсийн найруулгын танилцуулга (2020 оны 05 тоот тогтоол); “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ын төслийн танилцуулга; Сонгуулийн тухай хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлэх зорилгоор  хорооны хуралдааныг яаралтай зохион байгуулах, бэлэн байдлыг ханган ажиллах тухай зэрэг нийтдээ 12 асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэв. Энэхүү хорооны хуралдаан нь хэлэлцсэн дээрх асуудлаар хорооны хуралдааны 8 тогтоолыг баталж шийдвэр гаргалаа.

ХХЗХ-ны Даргын 2019 оны А/135 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохицуулах хорооны үйл ажиллагаа болон харилцаа холбоо, мэдээллийн технологи, өргөн нэвтрүүлэг, шуудангийн салбарт мөрдөгдөж буй журам, нөхцөл шаардлага, зохицуулалтын баримт бичгүүдийг Захиргааны ерөнхий хууль /ЗЕХ/, Харилцаа холбооны тухай хууль /2019-05-30/, Радио долгионы тухай /2019-05-30/, Шуудангийн тухай /2019-05-30/ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоомжид нийцүүлэн Хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулан ажиллаж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр хуралдсан 2020 оны ээлжит 4 дүгээр хуралдаанд тус хорооны ЗБХГ, ЗУХАГ-аас хамтран хууль эрх зүйн шинэ орчины өөрчлөлт, шинэчлэлттэй уялдуулан харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын баримт бичгүүдийг телефон ярианы үйлчилгээ, интернэтын үйлчилгээ, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээний зэрэг чиглэлээр ангилал бүрээр шинэчлэх, ЗЕХ болон Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэм хэмжээнд нийцүүлэх, үйлчилгээ эрхлэгч болон оролцогч бүх талын хэлэлцүүлэг, уулзалтын үр дүн, гарсан санал, зөвлөмжийг тусган боловсруулж хэлэлцүүлэв. Хуралдаанаас Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг үндэслэн тус хорооны 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 23 тоот тогтоолыг батлахаар шийдвэрлэж, энэхүү тогтоолын Нэгдүгээр хавсралтаар “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага (Телефон ярианы үйлчилгээнд)”; тогтоолын Хоёрдугаар хавсралтаар “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага (Интернэтийн үйлчилгээнд)”; тогтоолын Гуравдугаар хавсралтаар “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага (Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээнд)”-ыг тус тус батлав. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2013 оны 49 тоот, 2016 оны 13 тоот, 2019 оны 35 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгов. Уг тогтоол болон хавсралт 3 баримт бичгүүдийг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлнэ.

ХХЗХ-ны 2018 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага” баримт бичгийг баталсан бөгөөд радио давтамжийн 4G /үүрэн холбооны 4 дэх үе/-ийн үйлчилгээний зурваст ажиллах өндөр хурдны өргөн зурвасын утасгүй холболтын технологийг (IMT/BWA) нэвтрүүлэх, техникийн нөхцөл шаардлагыг хангуулах, түүнчлэн Дараа үеийн хөдөлгөөнт холбооны радио давтамжийн зурвасыг хуваарилах, зурвасыг үр дүнтэй ашиглах нөхцлийг бүрдүүлэх, зохицуулалтыг хийж байна. Хуучин технологиас шилжих нь олон тооны юмсын интернэт (IoT) ба машин хоорондын (M2M) үйлчилгээ эрхлэгч компаниуд болон бодлого, зохицуулах байгууллагын хувьд чухал шилжилт, шийдэл шаардсан тулгамдсан асуудал болж байгаа юм. Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэн холбооны 2G үйлчилгээнд зориулан хуваарилсан радио давтамжийн зурвасын чөлөөлөх, ашиглалтыг шилжүүлэх, дахин хуваарилалтанд  оруулах, ашиглах асуудлаар  2015 оноос хойш үүрэн хөдөлгөөнт холбооны операторуудаас санал асуулга авч судалгаа хийсэн байна.  Түүнчлэн тус хорооны РДЗХГ-аас 2019 онд “TDD технологид ашиглах радио давтамжийн хуваарилалт, ашиглалтын онцлог, харилцан нөлөөлөл, үр ашгийг сайжруулах чиглэлээр хийгдсэн судалгаа” (http://www.crc.gov.mn/k/2XZ) болон одоогийн хуваарилалт, олгогдсон зөвшөөрлийн мэдээлэл, тайланд үндэслэн “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага” баримт бичгийг төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан тус хорооны цахим хуудас, үүрэн холбооны 4 оператор, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн саналыг тусгажээ. Зохицуулах хорооны 2020 оны ээлжит 4 дүгээр хуралдаанаар энэхүү асуудлыг авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 51.1.2 дах заалтыг тус тус үндэслэн “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 24 тоот тогтоолыг батлав. Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулснаар хөдөлгөөнт холбооны 2 дах үеийн системд ашиглаж буй радио давтамжийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд нэмэлтээр оруулсан хүснэгтэд заасан хугацаагаар шилжүүлэх, 2018 оны 23 дугаар тогтоолын 8 дугаар хавсралт, 9 дүгээр хавсралтад давтамжийн зурвасын өргөний хэмжээнд тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Зохицуулах хорооны 2020 оны 24 тоот тогтоолыг ХЗДХЯ-ны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд хянуулж, бүртгүүлэх болно.

Орон нутагт хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн төлөвлөлт, зохицуулалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 15 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Орон нутагт хэт богино долгионы (FM) радиогийн өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт” баримт бичгийг  баримталдаг ба радио давтамжийн 87.5-108 МГц-ийн зурваст 19 сувгийн оноолт хийгдсэн болно. Сүүлийн үед радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, шинээр зөвшөөрөл авах хүсэлтийг радио давтамжийн 87.5-90МГц-ийн зурваст дахин хуваарилах замаар зөвшөөрөл авахаар тус хороонд ирүүлсээр байгаа юм. Иймээс РДХЗГ-аас тус хуралдаанд орон нутагт хэт богино долгионы радиогийн өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтын одоогийн ашиглаж байгаа 87.5-90МГц-ийн радио давтамжийн зурваст суваг хоорондын зурвасын хэмжээг 400 кГц болгон дахин хуваарилалтанд оруулан шинээр 87.5 МГц, 87.9 МГц, 88.7 МГц, 89.5 МГц-ийг радио зөөгч давтамжийг оруулах судалгаа танилцуулга, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах төслийг боловсруулан хэлэлцүүлсэн. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйл 51.1.2 дах заалтыг тус тус үндэслэн тус хорооны 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 25 дугаар “Радио давтамжийн зурвасын хуваарилалтад нэмэлт оруулах тухай” тогтоолыг батлав. Тогтоолоор, зохицуулах хорооны 2019 оны 15  дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Орон нутагт хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт”-ын 3.2 дугаар зүйлийн хүснэгт 2-т холбогдох (“Сувгийн дугаар 20  “87.5 МГц”, сувгийн дугаар 21  “87.9 МГц”, сувгийн дугаар 22  “88.7 МГц”, сувгийн дугаар 23  “89.5 МГц”) заалтыг нэмэлтээр оруулан шийдвэрлэв.  Энэхүү тогтоолыг баталснаар хөдөө орон нутагт хэт богино долгионы (FM) радиогийн өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтад шинээр 4 радио зөөгч давтамжийг (ФМ радио өргөн нэвтрүүлэг) шинээр төлөвлөн хуваарилах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Харилцаа холбооны тухай хуульд (УИХ-аас 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр) нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад (“Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих”) өөрчлөлт оруулсантай холбогдуулан ажлын хэсгээс хуульд нийцүүлэн боловсруулсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам” батлах тухай тогтоолын төсөл, танилцуулгыг авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг үндэслэн “Журам батлах тухай”  тус хорооны 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 26 тоот тогтоолыг баталсан болно. Хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудлын хүрээнд “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага”-ын эцсийн найруулгын танилцуулга (2020 оны 05 тоот тогтоол); “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ын төслийн танилцуулга; Сонгуулийн тухай хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлэх зорилгоор  хорооны хуралдааныг яаралтай зохион байгуулах, бэлэн байдлыг ханган ажиллах талаар танилцуулга хийлээ. УИХ-аар соёрхон баталсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооны зарим бүрэн эрх, чиг үүрэг шинээр нэмэгдсэн бөгөөд Зохицуулах хороо нь хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 заалтын дагуу “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ыг батлах, хэрэгжилтэд хяналт тавихаар болсон юм. Хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Зохицуулах хорооны даргын 2020 оны А/56 дугаар тушаалаар “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийг ХХМТГ, Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Датаком ХХК, Үндэсний дата төв УТҮГ, АйТүүлс ХХК зэрэг байгууллага, ААН-ийн төлөөлөл, холбогдох хүмүүсийг оролцуулан байгуулж, журмын төслийг боловсруулах явцад ажлын хэсэгт нийт 56 саналыг авч хэлэлцэн журмын төсөлд 52 саналыг тусган боловсруулжээ. Хорооны 2020 оны ээлжит 4 дүгээр хуралдаанд ажлын хэсгийн боловсруулсан журмын төсөл, танилцуулгыг хэлэлцээд, хуралдааны үеэр Хорооны дарга, гишүүдээс өгсөн санал зөвлөмж, удирдамж чиглэлтийг тусган дахин боловсруулж, Хорооны дараагийн ээлжит хуралдаанд хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт даалгав.

Зохицуулах хорооны 2020 оны ээлжит 4 дүгээр хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрөл сунгах тухай”,  “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай”  холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт болон 5 тогтоолын төслийг хавсралтын хамт авч хэлэлцсэн бөгөөд тус хуралдаанаас дараах 3 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 4  дүгээр сарын 29-ны өдрийн 27 тоот тогтоолын хавсралтаар 7 хуулийн этгээдэд 7 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 4  дүгээр сарын 29-ны өдрийн 28 тоот тогтоолын хавсралтаар 4 хуулийн этгээдийн 4 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2020 оны 4  дүгээр сарын 29-ны өдрийн 29 тоот тогтоолын хавсралтаар 5 хуулийн этгээдийн 7 тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.

Зохицуулах хорооноос Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль, тогтоомжид хорооны тогтоол, шийдвэрийг нийцүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний хүрээнд 2002 оноос хорооны хуралдаанаар баталсан 180 гаруй тогтоол, нэмэлт өөрчлөлтийг хянан үзэж, ЗЕХ, “Харилцаа холбооны тухай” (УИХ-аас 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан), “Шуудангийн тухай” (УИХ-аас 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан), “Радио долгионы тухай” (УИХ-аас 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан), Өргөн нэвтрүүлгийн тухай (УИХ-аар 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталсан) “Цахим гарын үсгийн тухай”, “Сонгуулийн тухай” болон холбогдох Монгол Улсын хууль, тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж эдгээр хуулиудад тусгайлан заасан эрх үүргүүдийг нийцүүлэх, шинэчлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, баталсан тогтоол шийдвэрийг ХЗДХЯ-д хүргүүлэн хянуулж, Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд бүртгүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ЗУХАГ, Хорооны нарийн бичгийн дарга нарын зүгээс 2012 оноос хойш баталсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа харилцаа холбоо, интернэт, өргөн нэвтрүүлэг, радио давтамж, шуудангийн зохицуулалтын чиглэл, холбогдох дүрэм журам, нөхцөл шаардлага зэрэг зохицуулалтын баримт бичгүүдэд дахин судалгаа шинжилгээ, үзлэг хийж, дээрх хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор нэр бүхий 12 тогтоол, хавсралт баримт бичгүүдийг хүчингүй болгох тухай танилцуулга, тогтоолын төсөл, хавсралт жагсаалтын төслийг боловсруулжээ. Уг асуудлыг тус хорооны хуралдаанаар авч хэлэлцээд, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 30 тоот “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг баталж,  харилцаа холбооны зохицуулах хорооны журам, нөхцөл шаардлага, зохицуулалтын чиглэл зэрэг 12 баримт бичгийг тус тус  хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо

2020-05-04

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/05/08
Мэдээ мэдээлэл
Фэйсбүүк аюулгүй ёс зүйтэй хэрэглээ
Фейсбүүк дэх ёс зүйтэй хэрэглээ
05.22
Фэйсбүүк компанитай "Election Day" Сонгууль-2020 цахим уулзалт зохион байгууллаа
Фэйсбүүк компанитай "Election Day" Сонгууль-2020 цахим уулзалт зохион байгууллаа.
05.18
Интернэтийн .MN домэйн нэр эзэмшигч нийт хэрэглэгчдийн анхааралд
интернэтийн.MN домэйн нэр эзэмшигч нийт хэрэглэгчдийн бүртгэлийн хаягийн мэдээллийг Улсын бүртгэлийн цахим системтэй тулгаж баталгаажуулдаг
05.18
Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран ажиллана
Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран ажиллана
05.14
Зохистой харилцаа
Зохистой харилцаа
05.11
Худал мэдээлэл, хор хөнөөл
Худал мэдээлэл, хор хөнөөл видео
05.11
Мониторингийн 2020 оны 2 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 2 дугаар сарын тайлан
05.07
Мониторингийн 2020 оны 3 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 3 дугаар сарын тайлан
05.07
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 4 дүгаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 4 дүгаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
05.07
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн нь зохицуулалтын болон техник аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж буйг хөндлөнгөөс бичгээр нотлох ажиллагааг баталгаажуулалт гэнэ
05.05