Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 7 дугаар хуралдааныг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулав. Уг хорооны хуралдаанаар 10 асуудлыг авч хэлэлцээд, хорооны хуралдааны 6 тогтоолыг батлан шийдвэрлэсэн.  Түүнчлэн хорооны хуралдааны 2 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг даалгаврыг хорооны даргад өгсөн болно.

Зохицуулах хорооны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 24 тоот тогтоолоор “Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл (АйПиТВ) олгох сонгон шалгаруулалт”-ыг зарлахаар шийдвэрлэсэн. Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2 хуулийн этгээдэд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зарлаж, үнэлгээний хорооноос сонгон шалгаруулалтын үр дүн, дүгнэлтийг талаар асуудлыг хорооны 2016 оны ээлжит 7 дугаар хуралдаанд хэлэлцүүлсэн.  Тус хуралдаанаар “Сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг баталж, хорооноос зарласан "Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт"-д Мобинет ХХК шалгарсан болно. Сонгон шалгаруулалтад шалгарсан компанид холбогдох тусгай зөвшөөрлийг олгож, гэрээг байгуулан биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Б.Балгансүрэн/-д үүрэг болголоо.  Түүнчлэн зохицуулах хорооны 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 41 тоот тогтоолоор “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, МТШХХГ-ын Даргын 2009 оны 111 дүгээр тушаалыг тус тус үндэслэн 1 хуулийн этгээдэд “Улаанбаатар хотод интернет протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах (АйПиТВ) үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Тус хорооны дүрмийн 2.1.4 дах хэсгийг үндэслэн хорооны 2014 оны 52 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Мэдээлэл холбооны сүлжээ, дэд бүтцийг хамтран ашиглах журам”-д 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолын хавсралтааар нэмэлт, өөрчлөлтийг оруулан батлав. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр үндэсний роуминг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхтэй холбогдуулан журмын хамрах хүрээг нэмэгдүүлэн үүрэн холбооны хөрөнгө оруулагчид хоорондоо давхар хөрөнгө оруулалтыг багасгах, харилцан ашигтай ажиллах зорилгоор дэд бүтцийг хамтран ашиглах, “Идэвхигүй дэд бүтэц”, “Идэвхитэй дэд бүтэц” зэрэг тодорхойлолтыг шинээр оруулж, холбогдох техник, тоног төхөөөрөмжүүд,  үйлчилгээ эрхлэгчдээс хамтран ашиглах боломжтой үйлчилгээ, зохион байгуулалт, гэрэний үндсэн дээр хамтрах зэрэг зохицуулалтыг оруулсан.

Монгол Улсын Засгийн газрын “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай” 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийг шинэчлэн баталсан.  Энэхүү шинэчлэн баталсан дүрэмд дараах зарчмын өөрчлөлтүүд оруулсан юм. Тухайлбал, “Цахим гарын үсгийн тухай” хууль, бусад хууль тогтоомжийг баримтлах; хороо нь орон тооны бус төлөөлөгчтэй байх (заалт-1.4); хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудалд өөрчлөлт орсон (2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн  4.3 дах заалт); хорооны даргын бүрэн эрх (заалт-3.1); хорооны үйл ажиллагаанд дотоод хяналт, аудитын тогтолцоог холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх (заалт-3.1.12); хорооны тогтоол гаргах үндэслэлийн зүйл заалтын дугаар өөрчлөгдсөн (заалт-2.1.4.); хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудалд хорооны хуралдааны урамшууллын хэмжээг тогтоох (заалт-4.3.3),  хорооны дэргэд “төв” байгуулах, дүрмийн батлах (заалт-5.2, 2.1.3); хорооны зохион байгуулалтын бүтцийн нэгж (заалт-5.1-5.8)-ийн чиг үүрэгт өөрчлөлт орсон зэрэг байна. “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийг Засгийн газраас шинэчлэн баталсан, дээрх дурдсан зарчмын өөрчлөлтүүд нь “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг шинэчлэн батлах, дүрэмд нийцүүлэх шаардлага, үндэслэл болжээ. Тус хуралдаанаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг шинэчлэх төсөл, холбогдох танилцуулга, тогтоолын төслийг авч хэлэлцээд, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалтыг тус тус  үндэслэн “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 43 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан. Мөн хуралдаанаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дах хэсэгт хорооны хуралдаанаар “Хорооны хуралдааны урамшууллын хэмжээг тогтоох”-оор заасан асуудлыг хэлэлцэв. Хорооны шинэчлэн баталсан дүрэмд уг асуудлыг нийцүүлэхээр танилцуулга, тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд тус хорооны хуралдааны “Хэмжээ тогтоох тухай” 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 43 тоот тогтоолоор батлан шийдвэрлэв. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2010 оны 27 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт, 2013 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, 2015 оны 54 тоот тогтоол, 2016 оны 14 тоот тогтоолыг тус тус хүчингүй болголоо.

Хуралдаанаар ажлын хэсэг, холбогдох албадаас боловсруулсан “Интернет үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” (21 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 2 сараар түдгэлзүүлэх); “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-ын хэрэгжилт, мониторингийн явц үр дүн, цаашид авах арга хэмжээний саналын тухай; “Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай” зэрэг асуудлыг тус тус авч хэлэлцэв.  Эдгээр асуудлаар хийсэн хяналт шалгалт, мониторингийн үр дүн, санал дүгнэлтийг тусган зохицуулах хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай ”  2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 45 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 8 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 заалтыг үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 10 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 1 сараар, 21 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 2 сараар тус тус түдгэлзүүлэх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1 дах заалтыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 2 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

Зохицуулах хорооны 2016 оны 4 дүгээр хуралдааны Тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын  хэрэгжилт болон “Телевизийн олон сувгийг олон цэгт түгээх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн талаар хэрэгжүүлсэн авах арга хэмжээний тухай танилцуулга”-ыг Радио давтамж хяналт, зохицуулалтын албанаас боловсруулан хэлэлцүүлэв. Хуралдааны  “Телевизийн олон сувгийг олон цэгт түгээх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тэмдэглэлээр энэ чиглэлийн үйлчилгээнд өрсөлдөөн оруулах талаар арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлийг хорооны дарга-д өглөө.

“Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-ын хэрэгжилт, мониторингийн явц үр дүн, цаашид авах арга хэмжээний саналын тухай хуралдаанаар хэлэлцээд, зөрчил гаргасан ААН, хуулийн этгээд нарт албан шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж тогтов.

Тус хуралдаанаар хорооны ажлын албадаас боловсруулсан “Радио давтамжийн олон улсын мастер бүртгэл (газрын, сансарын)-ийн үйл ажиллагааны талаар танилцуулга”-ыг авч хэлэлцээд, радио давтамжийн олон улсын бүртгэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох олон улсын байгууллагатай хамтран ажиллахыг хорооны дарга-д үүрэг болгов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/07/21
Мэдээ мэдээлэл
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
11.14
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
11.12
Шуудангийн салбарын зөвлөгөөн
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд
11.12
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
11.08
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
11.08
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
11.07
Санал хүсэлт шийдвэрлэлтийн байдал
Шийдвэрлэлтийн байдал
11.07
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны III-р улирлын дүн мэдээ
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээ
11.06