Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 12 дугаар хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав. Тус ээлжит хуралдаанаар нийтдээ 11 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 5 тогтоолыг батлан шийдвэрлэв. Мөн хэлэлцсэн зарим асуудлаар хорооны хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг, чиглэлийг холбогдох албадад өгсөн болно.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний  өдрийн хуралдаанаар “Өрсөлдөөний тухай” хуулийн 6.3-т “Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулах асуудал нь хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгож, тарифын зохицуулалт хийгддэг, зохицуулах байгууллагатай салбарт энэ хуулийн 6.1.1, 6.1.2 дахь заалт хамаарахгүй” гэсэн нэмэлтийг оруулсан. Уг хуулийн өөрчлөлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь өөрийн салбарт зүй ёсны монополь аж ахуйн нэгжүүдийн үнэ тарифыг хянаж байх эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн болно. Түүнчлэн харилцаа холбооны салбарын үнэ тарифын үндэслэлийг ХХЗХ-ноос  хянах үйл ажиллагааг хорооны 2004 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны салбарын үйлчилгээний тарифын үндэслэлийг хянах журам”-ыг мөрдөж байгаа нь уг харилцааг одоогийн холбогдох хууль тогтоомж, дүрэм журамтай нийцүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Иймээс хорооны 2015 оны ээлжит 12 дугаар хуралдаанаар Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.5, 9.1.6, 9.1.7, 9.1.12 дахь хэсэг болон “Өрсөлдөөний тухай” хуулийн 6.3 заалтыг тус тус үндэслэн “Харилцаа холбооны салбарын үйлчилгээний тарифыг хянах журам”-ыг 2015 оны 57 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн батлав. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан тус хорооны 2004 оны 09 тоот тогтоолыг хүчингүй болголоо.  Журмыг шинэчлэн баталснаар хууль эрх зүйн шинэ орчинд харилцаа холбооны салбарын зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч, шинээр үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргасан хуулийн этгээдийн үйлчилгээний тариф тогтоосон болон шинэчилсэн тарифын үндэслэлийг хянах, үйлчилгээ эрхлэгчдийг эрх тэгш, харилцан ялгаваргүй нөхцлөөр хангах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжсэн харилцан ойлголцол, итгэлцэл дээр суурилсан үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, үйлчилгээний тарифын талаар ирүүлсэн санал хүсэлт маргаантай асуудлыг шийдвэрлэх, тухайн үйлчлэгчийн үйлчилгээний тарифын үндэслэлийг хууль, тогтоомжоор олгогдсон эрх, хэм хэмжээний хүрээнд хянах зохицуулалтыг хийх зэрэг боломжийг бүрдүүлж байгаа ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх явцад тус хорооны 2013 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн зурвас, нэвтрүүлэгчийн байршилд тухайн нөхцөл байдал, технологи техникийн шийдлийн улмаас заалтын зарим найруулга, үзүүлэлтэд өөрчлөлтүүд оруулсан юм. Тус хорооны хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглах тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн зурвасын зохицуулалт, сувгийн хуваарилалт”-ыг шинэчлэх тухай баримт бичгийн төслийг авч хэлэлцээд, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.10, тус хорооны Дүрмийн 3.2.4, 3.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 58 тоот тогтоолын хавсралтаар нэмэлт, өөрчлөлтийг тусгаж, шинэчлэн баталж шийдвэрлэв. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан хорооны 2013 оны 62 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.

Олон улсын радио давтамжийн зохицуулалтыг баримтлан (Radio regulation, Article 5) радио давтамжийн тодорхой зурвасыг дэлхийн улс орнуудын радио холбооны суурин, хөдөлгөөнт холбоонд зориулан Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ОУЦХБ) төлөвлөж, үйл ажиллагаандаа ашиглахыг гишүүн улс орнуудад зөвлөмж болгодог. ХХЗХ-ны ажлын албанаас Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 136-174 МГц цараанд ажиллах газрын хөдөлгөөнт үйлчилгээний сувгийн төлөвлөлтийн төслийг боловсруулан хорооны хуралдаанд хэлэлцүүлэв. Хорооны хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 59 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.10, тус хорооны Дүрмийн 3.2.4, 3.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Радио давтамжийн 136-174 МГц цараанд ажиллах газрын хөдөлгөөнт үйлчилгээний сувгийн төлөвлөлт”-ийг шинээр батлан гаргалаа.  Давтамжийн төлөвлөлтийг баталснаар ОУЦХБ-ын суурин, хөдөлгөөнт холбооны үйлчилгээний радио холбоонд төлөвлөгдсөн радио давтамжийн зурвасуудын сувгийн хуваарилалтыг тодорхойлсон зөвлөмжид (Recommendation  ITU-R  M.478-5* technical characteristics of equipment and principles governing the allocation frequency channels between 25 and 3000 MHz for the land mobile service)-д давтамжийн төлөвлөлтийг уялдуулах, Монгол Улсын хэмжээнд мөрдөх давтамжийн 136-174 МГц цараанд ажиллах газрын хөдөлгөөнт үйлчилгээний зурвасын төлөвлөлт, зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой болж байна.

Тус хуралдаанаар интернэтийн үйлчилгээ, тоон контент, контент агрегаторын зохицуулалт болон нөхцөл, шаардлагыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн өөрчлөх, хоорондын уялдаа холбоог сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, үйлчилгээ эрэхлэгчдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судлан боловсруулсан “Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага”, “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, “Контент агрегаторын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцэв.  Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, тус хорооны Дүрмийн 3.2.4, 3.3 зүйлийг тус тус үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 60 тоот тогтоолын хавсралтаар дээрх нэр бүхий 3 нөхцөл, шаардлагад холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв. Түүнчлэн хорооны хуралдааны Тэмдэглэлээр интернэт, контентын үйлчилгээний зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлагыг цогцоор нь шинэчлэн боловсруулж, 2015 онд багтаан хорооны хуралдаанд танилцуулахыг Зохицуулалтын алба, Зах зээл үнэ тарифын албанд тус тус даалгав.

Хорооны хуралдааны  “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, хүчингүй болгох тухай” 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 61 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 5 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, , Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 4 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  14.1, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 12.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 1 хуулийн этгээдийн эзэмшиж байсан  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

ХХЗХ-ноос зарласан “Улаанбаатар хотод тоон радио нэвтрүүлгийн (DAB+) олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ эрхлэх радио давтамж ашиглах тусгай  зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт” болон “Улаанбаатар хотод Харилцааны тоон радио сүлжээний радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт’-ын үнэлгээний хорооны дүгнэлт, боловсруулсан тогтоолын төслийг тус тус хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.10, ”Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 7.4, “Радио долгионы тухай” хуулийн 7.1, тус хорооны Дүрмийн 2 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг, үнэлгээний хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн хорооны хуралдааны Тэмдэглэлээр дээрх 2 сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах талаар судлан санал, дүгнэлтээ боловсруулан хорооны хуралдаанд танилцуулахыг сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд үүрэг болголоо.

Тус хорооны хуралдаанаар “Монгол Улсад үндэсний роуминг үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжийн суурь судалгаа”-г хийж гүйцэтгэсэн ажлын хэсгийн тайлан,  танилцуулга болон боловсруулсан дүгнэлт зөвлөмж, тогтоолын төслийг авч хэлэлцээд,  гишүүдийн олонхийн саналаар “Үндэсний роуминг үйлчилгээг нэвтрүүлэх зарим арга хэмжээний тухай” хорооны хуралдааны Тэмдэглэл гаргахаар шийдвэрлэж, холбогдох ажлын албадад хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах үүрэг, чиглэл өглөө.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/10/28
Мэдээ мэдээлэл
Бусдад зөв мэдээллийг түгээе
Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.
10.14
Сургалт зохион байгуулах тухай
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг тус сургууль дээр 2019 оны 10-р сарын 30-ээс 12 сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.
10.14
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
10.11
Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна
Энэхүү санал асуулга нь тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний чанар болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох, үнэ тарифын зохистой байдлыг илрүүлэх зорилготой юм.
10.11
Цахим орчинд Зөвийг түгээе
Нийгмийн сүлжээ нь бусдад үзүүлэх нөлөөллийн хувьд хүчирхэг хэрэгсэл тул олон нийтийн санаа бодлыг эргүүлэн өөрчлөх эсвэл чиглүүлэн төлөвшүүлэх зорилгоор компанит ажил өрнүүлж ашигладаг. Энэ жишээг 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас бэлхэн харж болно. Тиймээс хүн бүхэн дор бүрнээ зөвийг дэмжиж, сайныг түгээвэл нийгэмд эерэг өөрчлөлт авчирч, сайн сайхны эхлэлийг тавих боломжтой. Өөрөөр хэлбэл аливаа хар барааныг багасгая гэвэл эерэг, гэгээлэг бүхнийг түгээн дэлгэрүүлэхэд болох аж.
10.09
Цахим орчинд ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ аян эхэллээ
Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн "Зөвийг Түгээе" аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, "Faro foundation Mongolia" ТББ хамтран эхлүүллээ. Тус аянд нэгдэцгээе.
10.08
Фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ (Community Standards)
Фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ (Community Standards)
10.03
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаар руу холбогдох үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн.
10.03
Фэйсбүүк болон ХХЗХ-ны хооронд “ногоон суваг” албан ёсоор нээгдлээ
Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компанийн хамтын ажиллагааны хүрээнд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилготой “ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оны 06-р сараас эхлэн Монгол Улсад анх удаа албан ёсоор нээгээд байна.
10.02